БАЯН-ӨЛГИЙ: Сумдад хадлангийн гарц тааруу байна

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-04 14:29:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн малчид энэ сарын 1-нээс уулын хадландаа гараад байна.

Тус аймаг нь өндөр уулын бүсэд оршдог, эрс тэс уур амьсгалтай, зуны улирал богино тул ард иргэд хадлан бэлтгэх ажилд бусад аймгуудаас эрт буюу уулын хадланд долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 1-ний хооронд, голын хадланд 15-наас буудаг уламжлалтай.

Өвөлжилтийн ажил эхэлсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамж гарч, 2022 онд бэлтгэх хадлан, тэжээлийн төлөвлөгөөг батлаад байна. Захирамжид зааснаар энэ намар аймгийн хэмжээнд 62,6 мянган тонн өвс, 7,7 мянган тонн гар тэжээл, 6 мянган тонн эрдэст тэжээл бэлтгэхийг зорьж байна.

Мөн аймгийн аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, 35 тонн тэжээл, сум тус бүр 50 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэх юм.

Гэвч сумдад хадлангийн гарц өнгөрсөн оныхоос муу байгааг иргэд хэлж байгаа. Иймээс нэмэлт тэжээл бэлтгэх, хөрш зэргэлдээ сум, аймгуудаас өвс татах зэргээр өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаах шаардлагатайг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.

Ташрамд сануулахад, Баян-Өлгий аймаг өнгөрсөн онд 63,8 мянган тонн хадлан,  7861 тонн тэжээл, 5913 тонн эрдэс тэжээл бэлтгэсэн юм.

Холбоотой мэдээ