БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны албаны Гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-04 19:19:49
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны алба (KOICS)-ны Гүйцэтгэх захирал Антонио Хан, Чөнжү Их сургуулийн профессор Ким Дун Хён, Гал, гамшгаас урьдчилан сэргийлэх төвийн судлаач, профессор Ли Жэ Ёль нарыг ЭСЯ-нд хүлээн авч уулзав.


Уулзалтаар Чөнжү Их сургуулийн профессор Ким Дун Хён БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн шугамаар Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Монгол Улсын гал сөнөөгчдөд зориулан 2021-2023 онд чадавхийг сайжруулах төсөл амжилттай хэрэгжүүлж эхлээд буйг мэдээлэв. Эл төслийн хүрээнд энэ оны 10 дугаар сард багтаан Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газарт гал сөнөөгчдийн хувцас, хэрэглэл, хүчил төрөгч, эмнэлгийн машин зэрэг эд материалын тусламжийг хандивлахаар төлөвлөж буйг тэмдэглэв. Мөн дээрх төслөөс гадна боловсролын салбарт Чөнжү Их сургуультай хамтран ажиллах боломж буйг дурдаж, Элчин сайдыг Чөнжү-д зочлохыг урив.


Элчин сайд Э.Сарантогос нэн шаардлагатай, чухал ач холбогдолтой салбарт төсөл хэрэгжүүлж буйд талархал илэрхийлээд, ЭСЯ-ны зүгээс цаашдын хамтын ажиллагаанд бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов.

Холбоотой мэдээ