Дэлхийн монголч эрдэмтэд Чингис хаан судлалаар чуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол төрийн бодлогын цөмд монгол судлал чухал байр суурь эзэлдэг. Монгол судлалын тэргүүлэх чиглэл болсон Чингис хаан судлалыг өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд Монголын төрөөс Чингис хаан өв, соёлын бие даасан судалгааны хүрээлэнг байгуулсан.
Энэ хүрээнд Чингис хаан судлалын олон улсын холбоо байгуулж, дэлхийн эрдэмтдийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах, Чингис хааны өв соёлыг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна.
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” цогц арга хэмжээний нээлт өнөөдөр Төрийн ордонд болж, энэхүү үйл ажиллагаанд 14 орны 54 монгол судлаач өөрийн биеэр, 12 судлаач цахимаар оролцон илтгэл тавьж байгаа юм.
Өнөөдрийн хурлаар Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулж, Чингис хаан судлалын олон улсын хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурван жил тутам зохион байгуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргалаа. Монгол хүн, айл өрх бүр Чингис хааны эш хөргийг залах Ерөнхийлөгчийн зарлиг нь Чингис хааны өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх ажлын нэг юм.
Монголын түүх, үлдээсэн өвийг нарийвчлан судлах ажлыг Монгол Улсын төдийгүй дэлхийн эрдэмтэн, судлаачид хамтран гүйцэтгэх төсөл хөтөлбөрийг салбар яамны зүгээс дэмжин ажиллаж буй. Мөн Монгол судлалын ирээдүй болсон залуу монгол судлаачдыг бэлтгэх, тэдний судалгааны ажлыг дэмжиж ажиллахаа Засгийн газраас илэрхийлээд байна.
“Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон
улсын эрдэм шинжилгээний хурал 5 салбар хуралдаанаар үргэлжлэх бөгөөд нийт 155 илтгэл
хэлэлцүүлнэ. Тодруулбал:
- “Монголын түүх, угсаатны судлал”,
- “Монгол хэл, уран зохиол судлал”,
- “Монголчуудын соёлын ертөнц”,
- “Монголчууд ба гадаад ертөнц”,
- “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” сэдвээр салбар хуралдаан болж байна.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр монголч эрдэмтдэд
Төрийн дээд шагнал гардууллаа.