Шведэд төрөлтийн түвшин 20 жилийн доод үзүүлэлтэд хүрч буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-08-08 11:12:07

СТОКХОЛМ. /Xinhua/. Шведэд энэ оны хавар төрөлтийн түвшин сүүлийн 20 гаруй жилийн хамгийн доод үзүүлэлтэд хүрч буурсныг тус улсын Статистикийн хорооноос ням гарагт танилцуулсан тайлан харууллаа.


Тодруулбал, энэ оны 1-4 дүгээр сард нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо 1.57-д хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс /1.69/ буурсан үзүүлэлт болжээ. Стокхолмын их сургуулийн хүн ам зүй судлалын профессор Гуннар Андерссон Шведийн үндэсний телевизэд ням гарагт мэдээлэл өгөх үеэрээ “үүнийг гэнэтийн эрс бууралт” хэмээн тодорхойлсон байна.


Статистикийн хорооны мэдээлснээр, “COVID-19” цар тахлын үеэр хүмүүс гэртээ түлхүү байх хугацаанд төрөлтийн түвшин нэг эмэгтэйд 1.69-т ногдох хэмжээнд хүрч өссөн бол энэ оны эхний дөрвөн сарын хугацаанд төрөлтийн тоо 35 467-д хүрч буурсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2483-аар бага үзүүлэлт болсноос гадна сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн сул үзүүлэлт болжээ.


“Богино хугацаанд авч үзвэл нэгдүгээр сард ажиглагдсан хувилбаруудтай холбоотой байж болох юм. Гэвч өмнөх үзүүлэлттэй харьцуулахад эрс буурсан үзүүлэлт боллоо” гэж Г.Андерссон хэлжээ.


Мөн ийнхүү буурсан нь 2021оны хавар эхэлсэн олон нийтийг “COVID-19”-ийн вакцинд хамруулах хөтөлбөртэй холбоотой байж магадгүй гэж ярьсан байна. “Олон хүн үүнийг хөл хорио хийгээд гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэх явцын төгсгөл гэж харж, хэвийн амьдралын хэмнэлдээ эргэн орсон” гэж тэрбээр хэлсэн байна.


Шведийн үндэсний телевизийн мэдээлснээр, 1990-ээд оны сүүлээр нэг эмэгтэйд дунджаар 1.5 хүүхэд ногдож байжээ. Г.Андерссоны хувьд тухайн үед эдийн засгийн хямрал нүүрлэж байсан нь хүмүүсийг хүүхэдтэй болохоос цааргалахад хүргэж байсныг дурдсан байна. 

Холбоотой мэдээ