Ноён А.Гутерреш малчин айлд зочилж, бэсрэг наадам үзэж сонирхжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-10 10:14:24
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай оронд албан ёсны айлчлал хийж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өчигдөр малчин айлж зочилж, бэсрэг наадам үзэж сонирхон монгол ахуй соёлтой танилцжээ.


Арга хэмжээг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээ оролцуулж эхэлсэнээс хойш 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Батлан хамгаалах яамнаас Nomadic Mongolia баазад зохион байгуулсан байна.


Ноён Антонио Гуттереш энхийг сахиулагчидтай уулзаж ярилцаж, малчин  айлд зочлон, монгол ахуй соёлтой танилцаж, бэсрэг эрийн гурван наадам үзэж сонирхсоныхоо дараа "Монголын түүх бол Монгол цэргийн түүх гэдэгтэй энэ цаг мөчид санал нийлж буйгаа энд онцолъё. Ийм баялаг түүх, зан заншилтай ард түмэн тэр дундаа Монголын энхийг сахиулагчид бусад орнуудын энхийг сахиулагчдаас эр зориг, шаламгай байдал, дайчин чанараараа үргэлж ялгарч байдагт гайхах зүйлгүй мэт санагдав. Монгол Улсын энхийг сахиулагчдын дайчин эрэмгий байдал Монгол түмний цусанд байдаг юм байна. Үүнийг энэхүү бэсрэг наадмыг үзээд илүү ихээр ойлголоо" хэмээн онцолсон байна. 


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал энэ сарын 11-ний пүрэв гарагт өндөрлөх юм.














































Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ