БАЯН-ӨЛГИЙ: Цэвэр усны даралтыг хэвийн болгоход 4-5 хоног шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-10 16:57:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын айл өрх, албан байгууллагуудыг цэвэр усаар хангадаг нийтийн аж ахуйн үйлчилгээний "Суат" компанийн шахуургын станцад гэмтэл гарч 2 хоног болж байна.

Гэмтлийн улмаас усны даралт буурч, орон сууцны дээд давхрын айлуудад ус хүрэхгүй байгаа. Уг асуудлаар компанийн захирал Ж.Адалбектэй холбогдож тодрууллаа.


- Орон сууцны дээд давхард амьдардаг айлууд цэвэр усгүй болсон гэсэн мэдээлэл ирлээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Манай компани өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цэвэр усны шахуургын станц, шугамуудад засвар үйлчилгээ хийж байна. Түүнээс гадна Өлгий хотыг цэвэр усаар хангадаг усан сангийн 3 худгийн нэгний шахуургад гэмтэл гарч ажиллахгүй байгаа. Инженер техникийн ажилтнууд гэмтлийг засаж, хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна. Одоо ажиллаж байгаа 2 шахуургаар усан санг дүүргэж өдрийн 12:00-14:00 цаг, оройн 17:00-19:00 цагийн хооронд цэвэр усыг хэвийн түгээж байна. Бусад хугацаанд 2 шахуургын хүчин чадал хүрэлцэхгүй байгаа учир 3-аас дээш давхрын айлуудад ус хүрэхгүй байна.


- Гарсан гэмтлийн хэдий хугацаанд засварлаж, хэвийн ажиллагаанд оруулах вэ?

- Засварын ажил 4-5 хоногийн дотор дуусна гэж тооцож байгаа. Үүнээс өмнө ч хэвийн ажиллагаанд оруулж магадгүй юм. Болзошгүй эрсдэлүүдийг тооцож арай урт хугацаа хэлж байна.


- Ердийн үед ч орон сууцны дээд давхрын айлуудын усны даралт муу байна гэсэн шүүмжлэлийг зарим иргэд хэлж байдаг. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?

- Манай байгууллагын одоо ашиглаж байгаа тоног төхөөрөм, станц 5 хүртэлх давхартай орон сууцыг цэвэр усаар хангах хүчин чадалтай. Үүнээс өндөр байшингуудад усыг хэвийн түгээхэд манай хүчин чадал хүрэлцдэггүй. Тийм учраас таваас дээш давхартай орон сууц, үйлчилгээний газрууд нэмэлт шахуурга суулгах замаар усны даралтыг нэмэгдүүлэх ёстой. Уг асуудлыг барилгын техникийн нөхцөлд гарын үсэг зурахдаа тусгайлан тайлбарлаж бичиж өгч байна. Нэмэлт шахуургагүй орон сууцуудын дээд давхрын усны даралт муу байгаа нь үүнтэй холбоотой гэдгийг онцлон хэлмээр байна.  

Холбоотой мэдээ