Хэт холын зайд гүйгч, сувилагч Б.Алтантуяа 23 хоногт 720 км зам туулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-08-15 09:52:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн БОЭТ-ийн Хавдрын тасгийн сувилагч Б.Алтантуяа “Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс” уриан дор хэт холын зайн гүйлтийг амжилттай тууллаа. 


Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд хэт холын зайн гүйлтийг БОЭТ-ийн Хавдрын тасгийн сувилагч Б.Алтантуяа “Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс” уриан дор нийт 23 хоног 720 км замыг туулж энэ сарын 13-ны өдрийн 9.00 цагт Сүхбаатарын  талбайд бариандаа орж ирэв.

Тэрбээр иргэдийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх, хорт зуршлаас татгалзах, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа хийж хэвшүүлэх, ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамрагдаж хавдрын эсрэг хамтдаа даван туулах зорилгын дор гүйж Эрүүл мэндийн салбарын ажилчдаа манлайлан өөрийн биеэр үлгэрлэн харуулсан юм. 

Сувилагч Б.Алтантуяад   Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд Эрүүл мэндийн сайд С.Энхболдын талархлыг гардуулав.  Мөн МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн, ХСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү, Аймгийн ЭМГ-ын Сувилахуй хариуцсан мэргэжилтэн, Төрөлжсөн мэргэшлийн төв эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албадын дарга нар Сүхбаатарын талбайд хүлээн авч хүндэтгэл илэрхийлсэн юм.






Холбоотой мэдээ