Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2022-08-15 15:13:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Тусгаар тогтнолын 75 жилийн ойг 2022 оны 8 дугаар сарын 15-ны өглөө Монгол Улсад ажиллаж амьдарч буй Энэтхэгчүүд болон Энэтхэгийн Монгол анд нөхдийн хамт ЭСЯ-ны байранд тэмдэглэлээ.

 

Төрийн далбааг мандуулсны дараа Элчин сайд М.П.Сингх оюун санааны хөрш, стратегийн түнш Монгол Улстай түүхэн найрамдалт харилцаатай байсаар ирсэн талаар дурдаж, Газрын тос боловсруулах үйлдвэр, Мэдээллийн технологийн төв, Найрамдлын сургууль, чадавхжуулах хөтөлбөрүүдийн ач холбогдол болон хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

 

Элчин сайд мөн шинээр сонгогдсон Энэтхэгийн Ерөнхийлөгч хатагтай Дроупади Мурмугийн тусгаар тогтнолын өдрийн өмнөхөн ард түмэндээ хандан ковид тахлын эсрэг Энэтхэгийн тэмцлийг магтан сайшааж, Энэтхэг улс 70 жилийн хугацаанд янз бүрийн салбарт хүрсэн гайхалтай ахиц дэвшил, жендерийн тэгш байдлыг нэмэгдүүлэх болон шинэ бөгөөд эрч хүчтэй Энэтхэгийг бий болгохын төлөөх  Засгийн газрын хүчин чармайлтыг сайшаав.

 

Энэ үеэр Монгол оюутнууд болон Монголд амьдарч буй Энэтхэг иргэдийн урлагийн тоглолтууд зочдын сонорыг мялаалаа. 75 жилийн ойн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн тусгай зочдод Гандантэгчинлэн хийдийн Хамба Номун хаан болон Дашчойлин, Бетуб хийдийн Хамба лам, лам хуврагууд, төрийн өндөр албан тушаалтнууд, Энэтхэгийн иргэд багтжээ.



 


Холбоотой мэдээ