Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн 10 оюутан 2023 онд магистрт суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-18 21:34:08
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад суугаа Австрали улсын ЭСЯ-наас тэтгэлэгт хөтөлбөрөөр 2023 онд Австралид магистрийн сургалтад суралцахаар шалгарсан 10 оюутанд баяр хүргэж, тэтгэлгийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй тайлбарлах арга хэмжээг 2022 оны наймдугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.


Австралийн Засгийн газраас хэрэгжүүлж буй тус тэтгэлэгт хөтөлбөр нь 1993 оноос хойш 30 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд, энэхүү хөтөлбөрөөр ирээдүйд эх орныхоо хөгжилд манлайлах үүрэг гүйцэтгэх чадварлаг хүний нөөцийг Австрали улсад суралцуулж, буцаж ирснийхээ дараа  сурсан мэдлэг, туршлагаа ашиглан эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулах боломжийг олгодог. Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлд 700 гаруй оюутан магистр, докторын сургалтад хамрагдсан байна. 


Австрали улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Престон шалгарсан оюутнуудад баяр хүргэж хэлсэн үгэндээ, тэтгэлэгт шалгарсан оюутнууд буцаж ирээд эх орныхоо хөгжлийн манлайлагчид болж, Австрали, Монгол хоёр орны найрамдалт харилцааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн тэтгэлэгт хөтөлбөрийн хамт олон тэтгэлэгт шалгарсан оюутнуудад цаашдын тэтгэлэгийн үйл явцыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөв.





Холбоотой мэдээ