БАЯН-ӨЛГИЙ: Ховд их сургуулийн салбар сургуулийг МУБИС-ийн харьяанд шилжүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-19 13:35:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 293 дугаар тогтоолоор Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийг Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяанд шилжүүллээ.


Тус сургууль нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 48 дугаар тогтоолоор “Багш, соёлын ажилтан бэлтгэх тусгай мэргэжлийн дунд сургууль” нэртэйгээр анх байгуулагдсан.  Улмаар Гэгээрлийн яамны сайдын 1996 оны 120 тоот тушаалаар Улсын багшийн дээд сургуулийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллеж болж статус нь өөрчлөгдөж, суралцагчдад дипломын дээд боловсрол олгож эхлэв. Харин Монгол Улсын Засгийн газрын 2010 оны дугаар тогтоолоор Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль болж өөрчлөн байгуулагдсан түүхтэй.


Одоогоор тус сургууль нь багш мэргэжлийн 6, байгаль орчныг хамгаалах технологи мэргэжлийн 1 хөтөлбөрөөр сургалт, эрдэм шинжилгээ, хүмүүжил төлөвшлийн үйлчилгээ үзүүлж байна.


УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2021 онд Баян-Өлгий аймагт ажиллах үеэр тус сургуулийг МУБИС-ийн харьяанд шилжүүлэхээ мэдэгдсэн нь ийнхүү биеллээ олж байна. Цаашид сургуулийг түшиглэн Баруун бүсийн Багшийн тасралтгүй хөгжлийн төв, Хос хэлний судалгааны төвийг байгуулах, дэргэдээ лицей сургуультай цогцолбор сургууль болгох зорилт тавин ажиллаж байна. 

Холбоотой мэдээ