Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр Д.Гүнбилэгийг сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-03 13:42:24

Монголын “Хуульчдын холбоо”-ны хоёрдугаар их хурал Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүхийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул тус холбооны шинэ ерөнхийлөгчийг сонгож батламжиллаа. 

Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр Болдбаатарын Гүнбилэг олонхийн саналыг авч сонгогдов. Тэрбээр Монголын хуульчдын холбоог хоёр жил удирдана. 

Б.Гүнбилэг нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн, академич Ж.Болдбаатарын хүү. Тэрбээр 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгсч, 2004 онд Харьцуулсан эрх зүйн чиглэлээр магистр, өнгөрсөн онд эрх зүйн онолын чиглэлээр хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ. 

Мөн 2005 онд АНУ-д Соёл хоорондын хүний эрхийн эрх зүйн чиглэлээр мастер (LL.M)-ын сургалт, 2009 онд Австралид Эзэн хааны Мельбурнийн технологийн институтын олон нийтийн харилцаа(PR)-ны мэргэжлийн курсд тус тус сурчээ.  

2005-2006 онд ХБНГУ-ын Макс Планкийн институт, 2007 онд Японы Кюшүгийн их сургууль, 2009-2010 онд Австралийн Мельбурнийн их сургуулийн Азийн судалгааны төвд тус тус зочин судлаач, эрдэмтнээр ажиллав. 

2003 оноос Хууль зүйн Үндэсний төвд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад 2008-2009 онд УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөхөөр ажилласан байна. 2010-2012 онд Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2013 оноос Монголын Хуулчьдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд