Монгол оюутнуудын 69 хувь нь Япон орон "маш их сэтгэл татам" гэж хариулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-08-24 13:38:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол залуусын дунд Японы орны тухай, япон залуусын дунд Монголын тухай ойлголт, хандлагыг тодруулах асуулга авч, үр дүнгээр нь илтгэл бэлтгэснээ монгол япон оюутан залуус танилцууллаа.


Судалгаанд монголын их дээд сургууль, магистрын хөтөлбөрийн 310 оюутан хамрагдсаны 69 хувь нь Япон улс “маш их сэтгэл татам” хэмээн хариулсан байна. ИЙнхүү сэтгэл татагдах шалтгаан нь тус улсын соёлын бүтээгдэхүүнээс гадна нийгмийн соёл, ёс суртахуун гэсэн үр дүн гарчээ. Мөн гадаад улс руу аялах сонирхолтой оюутнуудын 90 гаруй хувь нь Япон руу аялах хүсэлтэй ч санхүү болон хэлний бэрхшээлтэй гэсэн байна. Иймд япон хэл сурах сонирхолтой залууст зориулсан уулзалт семинар зохион байгуулах, улс хооронд зорчих зардлын үнийг багасгах тухай санал солилцож, үр дүнд хүрэхийн чухлыг судалгааны багийнхан хэлж байлаа.


Харин Японы 625 залуусын дунд явуулсан судалгаагаар Монголыг тал нутаг, морь зэргээр төсөөлдөг ч төдийлөн сайн мэдэхгүй байна. Иймд Монголын тухай тэдэнд суртачлан харилцан идэвхтэй үйл ажиллагаа явуулах нь хоёр орны харилцаанд эерэг нөлөөлөхийг Япон залуусын Монголын талаарх мэдлэгт хийсэн судалгааг үндэслэн гаргажээ. Түүнчлэн, Монгол, Япон улсын хооронд харилцаа урт удаан үргэлжлэх, хоёр орны залуус хоорондын харилцааг сайжруулахад тэдний оролцоог нэмэх шаардлагатайг судалгааны багийнхан тэмдэглэв.


Google forms ашиглан 6 дугаар сарын 22-ноос энэ сарын 9-ний хооронд хийсэн судалгааны дүнд үндэслэсэн илтгэл нь Монгол Улс Япон Улсын хооронд дипломат харицаа тогтоосны 50 жилийн ойтой холбогдуулан хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэх зорилго агуулсан аж. 

Холбоотой мэдээ