БАЯНХОНГОР: Тавдугаар сургууль сурагчдыг багийн харьяалал харгалзахгүйгээр хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-08-26 10:20:30

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын есдүгээр багийн нутаг дэвсгэрт 960 хүүхдийн суудалтай 5 дугаар сургууль ашиглалтад орж, энэ хичээлийн жилд сургалтын үйл ажиллагаа эхлэх гэж байна. 


Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Тавдугаар сургууль ашиглалтад орсноор тухайн сургуулийн бүс орчмын сурагч хүүхдүүд өөрийн гэртэйгээ ойрхон орчин үеийн, тохилог анги танхимтай сургуульд хичээллэх боломж бүрдэж байна. Тус сургууль энэ хичээлийн жилийн хувьд сурагчдыг багийн харьяалал харгалзахгүйгээр хүлээн авч суралцуулах юм байна. 


Шинээр үйл ажиллагаа эхлүүлэх гэж байгаа тус сургуульд бусад сургуулиас шилжин ажиллах багш, шилжин суралцах сурагчдын тухай мэдээлэл солилцох, цаашид боловсролыг жигд хүртээмжтэй хүргэхэд хэрхэн хамтран ажиллах зэрэг асуудлыг зөвлөлдөх уулзалтыг Тавдугаар сургуулийн захирал Ц.Мөнх-Эрдэнэ, БШУГ-ын дарга Ж.Алтанцэцэг нарын санаачилгаар тавдугаар сургууль дээр зохион байгуулжээ.  


Энэ үеэр 2022-2023 оны хичээлийн жилд Боловсрол шинжлэх ухааны сайдын чиглэлийн дагуу  УБЕГ-ын хаягийн мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэж тухайн амьдарч буй байршилд ойр сургууль, цэцэрлэгт тухайн хүүхдийг суралцуулах бодлогыг хэрэгжүүлж, 7, 9 дүгээр багийн харьяат болон түр оршин суугчийн бүртгэлтэй сурагчдыг Тавдугаар сургуульд шилжүүлэн сургахтай холбоотой асуудлыг зөвлөлдөв.


Тодруулбал, аймгийн төвийн “Номундалай”, “Номгон”, “Эрдэнэмандал”, “Эрдэм”, “Соого Сейко” сургуульд суралцаж байгаа 1-12 дугаар ангийн сурагчдаас харьяаллын дагуу тавдугаар сургууль руу шилжилт хөдөлгөөн хийснээр тухайн сургуулиудын ачаалал буурч тэнцвэржих аж.

Холбоотой мэдээ