УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-09-09 08:42:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн /Их цааз/- ийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцжээ. Тэдгээрээс Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн хэсгийг хэлэлцсэн тэмдэглэлээс онцлон уншигч танд хүргэе.


Р. Гончигдорж:- Өнөөдөр монгол улсын Ерөнхийлөгч 30 дугаар зүйл, 31, 32, 33, 34, 35, 36, 37 гэсэн найман зүйлтэй хэсэг рүү оръё. Зүйл зүйлээр явъя. 30 дугаар зүйл дээр санал байвал сонсъё.

П. Улаанхүү:- 32 дээр нас 40 гэж байна. Энэ дээр энийг 60 болгох санал тавьж байна. Тэгэхээр 60 настай өвгөн ву хийх вэ гэвэл бэлгэдэл. Ерөнхийлөгчийн хэлэх үгийг Ерөнхий сайд бэлтгэж өгөөд... Энэ бол инээдэм биш яг ийм байдаг. Энэ бол ерөөсөө хүүхэлдэй, Ерөнхий сайд бэлтгэчхээд “та ингэж хэлэх ёстой” гээд. Хэрэв энэ насыг 60 болгохгүй гэх юм бол 40 байж таарахгүй. Ардчилсан хүчинд 40 орчим насны лидер байхгүй. Тийм учраас Ерөнхийлөгч манай намаас  гэсэн ухуулга хийж байна гэж хөдөөгөөс ирсэн хүн надад хэлсэн . Тийм учраас нас байлгана гэвэл 40-ийг бүр доошлуулмаар байна.

К. Зардыхан:- Хаанахын хэн гэж хүн хэлсэн юм бэ?

П. Улаанхүү:- Энэ бол хэлэх албагүй.

К. Зардыхан:- Тийм асуудлаар тоглоом хийж болохгүй.

П. Улаанхүү:- Энэ бол тоглоом биш.

С. Баярцогт:- Энэ дээр 55 наснаас дээш байх ёстой гэж. 60 гэхээр тэтгэврийн нас маань 60 байгаа. Ер нь манайх насыг бид нар тооцох ёстой. Гүйцэтгэн захирах тал руугаа Ерөнхийлөгчөө байлгана гээд байгаа тэгэхэд бидний үргэлж ярьдаг, боддог юм юу вэ гэвэл гүйцэтгэх засаглал дандаа хүчтэй байдаг. Парламент бол консервативный тогтмол бодлогоо барьдаг. Тэгж байгаа нөхцөлд Ерөнхийлөгчийг гүйцэтгэх тар руу нь аваачих юм бол Ерөнхий сайд өөрөө номиналь болох тийм хандлагатай. Яагаад гэвэл тэр лүүгээ илүү эрх мэдэл авчих юм бол Ерөнхийлөгчийн үйл ажиллагаа идэвхгүй байх ёстой гэдэг. Энэ дээр нас уялдах ёстой гэсэн саналтай байна.


Д. Пүрэв:- Миний хувьд нас заахаа болъё гэдэг санал байна.

Г. Зуунай:- Ерөнхийлөгч бол үнэхээр бидний энэ хуулиар. Хэрэв Ерөнхийлөгч гүйцэтгэх засгаа толгойлох бол тэр бэлгэдэл, 55-тай юм уу 60-тай, настай хүн сууж байвал таарахгүй байгаа юм. Тийм учраас нэгэнт гүйцэтгэх засгаа ерөнхийлөгч толгойлохгүй. Засгийн газар тусдаа байх юм бол нас, хүйс тогтсон хүн байх нь зөв өө.

П. Бямбацэрэн:- Насны хувьд 55 гэдэгтэй санал нэг байна. Хоёрдугаарт, 30 дугаар зүйлийн 2 дугаарт зөвхөн иргэн талаас нь тодорхойлоод байгаа юм. Бид Ерөнхийлөгчид тодорхой үүргүүд хүлээлэгчхээд байгаа. Тийм учраас энд ажил төрлийн талаас нь шалгуур байх уу, үгүй юу энэ иргэн гэдэг дотор. Зөвхөн насаар нь хийчих юм уу? Ер нь цаашдаа ямар ч ажил эрхлээгүй хүн Ерөнхийлөгч байж болох ийм санаа гарч ирж байна. Ажлын талаас ямар нэгэн юм хэлэхгүй юм уу, ажлын дадлага туршлагатай ч гэдэг юм уу энэ чиглэлийн юм байхгүй юу? Энэ дээр бодмоор юм шиг санагдаж байгаа юм. Гишүүд анхаарна биз дээ. Цаашдаа бол үе залгамжилсан их хөрөнгөтөн улсууд гар ирнэ. Ерөөсөө нийгэмд хөдөлмөрлөөгүй их хөрөнгөн дээр бэлэн явж байсан хүн Ерөнхийлөгчид сонгогдох асуудал гарч ирвэл яах вэ? Хөдөлмөрийн үнэ цэнэ гэдэг юмыг өөр дээрээ мэдрээгүй хүн Ерөнхийлөгч болох ийм тохиолдол гарч ирэх юм биш байгаа гэсэн бодол байна.


С. Баяр:- 30 дугаар зүйлийн 2 дугаар хэсэг дээр эрхэм гишүүдийн яриад байгаа насны талаар бид бодож үзмээр юм шиг санагдаж байгаа юм. Үнэхээр бид нас гэдэг юмыг ийм, тийм нас гэж хэлэхдээ үндэслэлтэй байвал бусдадаа итгэлтэй, үнэмшилтэй болно. Тэгэхээр бид насыг Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхтэй шууд холбож үзэх нь зүйтэй юм. Бид аль ч тогтолцоо, системийг сонгож авах боломжтой болсон гэж би хувьдаа боддог. Ерөөсөө парламентын тогтолцоог сонгож авах ёстой, монголчууд энүүгээр явах жамтай гэсэн тийм хууль байхгүй. Шаардлагатай бол Ерөнхийлөгчийн системийг сонгож авч болно. Гэхдээ аль нэг системийг сонгож авбал аль болох цэвэр хэлбэрээр нь сонгож аваасай билээ гэж ингэж санагдаж байгаа юм. Нэгэнт бид парламентын тогтолцоог сонгож авч байгаа бол Ерөнхийлөгчийн маань бүрэн эрх голцуу бэлгэдэл дээрээ 1 дүгээрт, 2 дугаарт, онцгой байдал үүсэх, энэ тохиолдолд тэр бүрэн эрх хэрэгжиж байдаг, 3 дугаарт, гадаад харилцааны чиглэлээр бүрэн эрхээ эдэлдэг хүн л дээ. Гэтэл манай Ерөнхийлөгч гүйцэтгэх засаг руу нэлээн орчихсон хүн байгаа юм. Тэгэхээр гүйцэтгэх засаг руу орж болно л доо. Ерөөсөө тэрнийгээ толгойлоод Ерөнхийлөгчийн тогтолцоонд орж болох юм. Гэтэл бид тэгэхгүй байгаа л даа. Яагаад гэвэл, Ерөнхий сайд байлгая, Засгийн газартай байлгая гэж байгаа. Гэтэл бидний энэ бүрэн эрхэд, Ерөнхийлөгчид энэ төслөөр олгох гэж байгаа бүрэн эрх Засгийн газар руу нэлээн орж тэдний ажлыг нэлээн удирдан чиглүүлэхээр байгаа. Засгийн газрын хариуцлагыг энүүгээр тооцохоор бид зөвхөн Засгийн газартайгаа тооцох систем энэ дотор орчихсон. Баахан үүрэг өгчихдөг, эргээд тооцох болохоор Засгийн газар юм уу, Ерөнхий сайд гээд тавьчихдаг. Өөрөөр болбол зөвхөн тэр тангаргаасаа няцсан, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бол шүүхээр огцроод тэгээд шүүхэд шилждэг. Энэ дээр ч бидний систем тийм л явж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг настай холбож үздэг нь яах аргагүй зөв. 40 нас гэдэг үндэслэлийг би зүгээр 1 атан тэмээгээр үндэслэж байгаагаас өөр шинжлэх ухааны үндэслэл үнэхээр гарч өгөхгүй байгаа юм.


Р. Гончигдорж:- Саналаа хураая.

Б. Чимид:- Би зарчмын асуудлаар санал хэлмээр байна. Иймэрхүү Ерөнхийлөгч , Засгийн газартай орон бол дэлхийн орны олонх нь байгаа. Бид хязгаарыг бариад Америкийн ч юм уу, ерөөсөө Сайд нарын зөвлөлийн дарга болгочихсон гэсэн ийм шохоорхож байгаа хүмүүс маш их байна. Тэгэхээр дэлхийн улсуудын ихэнх нь Засгийн газартай, кабинеттай, Ерөнхийлөгчтэй. Кабинет нь тусдаа даргатай. Тэрийг л харгалзаж үзээд байгаа юм. Ерөнхийлөгч бол гүйцэтгэх засаглал хэрэгжүүлж байгаа хүн мөн. Тэрийг онолын үүднээс зөв тайлбарлах ёстой. Дунд нь сул барьж байгаа хүн биш. Жишээлбэл Австрийн Ерөнхийлөгч байна. Тэнд Засгийн газар байна, гүйцэтгэх засгийг Ерөнхийлөгч ба Засгийн газар хэрэгжүүлнэ гээд шууд хэлчихсэн байгаа. Хэрэв ойлгогдохгүй байгаа бол ийм зүйлийг нэмээд Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн 2 гарчгийг нийлүүлээд гүйцэтгэх засаг гээд тавьчихъя, дээр нь. Тэгээд Ерөнхийлөгч, Засгийн газар гээд 2, дотроо дэд хэсэгтэй, функцээрээ/ ойлгодог болохоос биш юм бүр дээр медаль зүүх ёсгүй гэж бодоод байгаа юм, бид. Ерөнхийлөгч бол 2 шинжтэй байгаа юм. Ерөнхийлөгч гүйцэтгэх засгийн тодорхой хэсгийг биелүүлж байгаа. Нөгөө талаар төрийн тэргүүн гэж 1 ажил байна. Монгол улсыг толгойлж байх, тэр тал нь бас сохроор шийдэж болохгүй. Ийм ээдрээтэй юм байгаад байгаа юм. Заавал 1 газар л бүх юмыг төвлөрүүлэх гэхээр нөгөө засаг гэдэг нь хуваагдаж байгаа юм шиг ойлгогдоод болохгүй байна шүү дээ. Үнэндээ хуваагддаггүй системийг янз бүрийн аргаар хэрэгжүүлдэг ийм механизм дэлхий дээр байгаа болохоос биш 3 шон босгочхоод тэрийгээ тойроод байгаа юм байхгүй, аль ч улсад байхгүй. Цаанатай, наанатай бодмоор байгаа юм.


С. Баярцогт:- Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалдаа багтвал систем нь Ерөнхийлөгчийн засаглал шүү дээ.

Б. Чимид:- Үгүй л дээ. Ийм санаа байна. Энэ бол ядуу санаа. Гол концепц нь ийм л юм. Тэгээд энэ буруу байгаа бол та нар бүх улсад үз. Кабинет, Засгийн газрын даргатай, Ерөнхийлөгчтэй, тэгээд Ерөнхийлөгчийн үүрэг нь голдуу гүйцэтгэх засгийнхаа, бэлгэ тэмдэг юм гээд лангуунд хийгээд бурхан шиг тавиад байвал биш. Хаант улсуудад харин тийм юм бий. Сайд нарын зөвлөлийн дарга өгүүлэл хийж өгдөг, барьдаг тийм юм байгаа. Тэрнээс гадна бид Засгийн газар гэдэг үгийг эргэж хармаар байгаа юм. Гадаад улс Засгийн газар гэдэгт англи хэлэн дээр Засгийн газар гээд бидний орчуулаад байгаа энэ үг бол Парламент, Сайд нарын зөвлөл буюу кабинет, Ерөнхийлөгч цагдаа бүгдийг хамарсан үг Тэгэхээр энэ бүгдийг хамарсан үгийг ганцхан Сайд нарын зөвлөл дээр тогтоож байна. Монголд өнөөдөр сүүдрийн Засгийн газар байгууллаа гэж ярьж байна. Тийм учраас илүү улсууд байх нь байна, Монголд 2 засаг тогтож уу, үгүй юу гээд. Кабинет гэж хэлбэл болж байгаа юм. Сайд нарын танхим. Энэ чинь холбоотой байхгүй юу. Суурь юмыг шийдэхгүйгээр зүгээр 1 нас, зүсээр оролдоод байх явдал бол үнэндээ уруулын хэрэг. Ерөнхийлөгч гүйцэтгэх засгийг хэрэгжүүлж байгаа хүний 1 мөн гэдгийг хэлж өгье.

Г. Зуунай:- Би цаг алдахгүйн тулд бодлоо тайлбарлаагүй. Ийм л юм харагдаад байна шүү дээ.

Б. Чимид:- Энэ дээр комисс юу ч нэмээгүй. Хавар яриад гар өргөөд баталсан шийдвэр чинь тогтоол байж байгаа. Хоёр сар болоод ирэхээр өөр утгатай болно гэж байхгүй.

Д. Ламжав:- Энэ дээр “үндэс” гэсэн онцгүй зүйлийг оруулахыг хүсэхгүй байгаа юм. Ард түмний өөрсдөө сонгож шийдэх юмыг эрээ цээргүй хийхийг үнэндээ эсэргүүцэж байна. Ямар байдлаар оруулах вэ гэхээр бүх тодотголыг авч хаяхад л байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчөөр Монгол улсын иргэнийг 4 жилийн хугацаагаар сонгоно гэсэн ийм л юм байвал хангалттай гэж бодож байгаа.

Р. Гончигдорж:- Саналаа хураая. Эхлээд хамгийн ерөнхийгөөс нь явъя. Ерөөсөө тодотголгүйгээр Ерөнхийлөгчөөр монгол улсын иргэнийг 4 жилийн хугацаагаар сонгоно гэж бүх тодотголыг хасъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 11,
  • татгалзсан 32,
  • түдгэлзсэн 0, олонхын дэмжлэг авахгүй байна.

Р. Гончигдорж:- Нас 40 гэсэн байгаа. Энийг ерөөсөө нас заахаа больё гэсэн улсууд байна. Насны тодотголыг хасъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 13,
  • татгалзсан 32,
  • түдгэлзсэн 3, олонхын дэмжлэг авахгүй байна. Тийм учраас насны тодотгол байх шаардлагатай гэж үзэж байна.

Насан дээр 2 бүлэг болгоё. 40-ийг оролцуулаад дээш нь 1 бүлэг, 40 оролгүйгээр доош нь нөгөө 1 бүлэг. Ойлгосон биз. 40-өөс дээш гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 36,
  • татгалзсан 7,
  • түдгэлзсэн 3, олонх дэмжиж байна.

Дараачаар нь энд 60, 55, 40 гэсэн 3 тоо байна. Яг тодорхой тооны хувьд ийм 3 тоо байгаа шүү. 55 оролцоод 55-аас дээш гэдэг утгаар яръя. 55, 60 хоёрыгоо багтаагаад 55-аас дээш гэсэн томьёолол би хэлье. 55-аас дээш гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 23,
  • татгалзсан 21,
  • түдгэлзсэн 1, олонх дэмжиж байна.

Одоо 55, 60 хоёрыгоо хуваая. 55 гэсэн насыг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 25,
  • татгалзсан 17,
  • түдгэлзсэн 3, олонхын дэмжиж байна. Ингээд Бага хурлаас 55 гэсэн настай орох боллоо.

Ж. Амарсанаа /Хууль зүйн сайд/:-Зарим зүйлийг тодотгож хэлье гэж бодож байна. Насны хувьд дандаа 50, 40 насаар болзол тавьсан байгаа.

Д. Ламжав:- Нас зааж байна. Дундаж амьдрах насныхаа талыг аваад байгаа юм шиг байгаа юм.Бид наадхыг чинь хараад гэдгийг, манайд амьдрах дундаж нас бол 80-д хүрсэн байна гэж би ойлгоод байгаа юм.

Ж. Амарсанаа:- Энэ насаар байхад 1820, 1830 тооноос хойш уугуул нутаг монголд төрсөн хүнийг хэлэх гээд байгаа юм. Тэгэхээр энэ бол нэлээд хатуу шаардлага болж таарах гээд байгаа юм.

Р. Гончигдорж:- Ерөнхийлөгчийн насыг 40 гэж тогтоож байгаа нь ямар учиртай юм бэ?

Ж. Амарсанаа:- Бусад улсынхыг үзсэн. Зөвлөлт, Америк, Мексик зэрэг орон 35, Холбооны Герман гээд 40, Итали 50 нас заасан байгаа. Хөдөлмөрийн чадварт насыг хэлээд байх шиг байгаа юм.

Р. Гончигдорж:- Саналаа хураая. Түрүүний бүх асуудлууд дээр дахиад санал хураая. Тэгээд энэ саналынхаа үндсэн дээр Их хуралд оруулах төсөлдөө тусгая. Бүх тодотголыг хасаад Ерөнхийлөгчөөр Монголын иргэнийг 4 жилийн хугацаатайгаар сонгоно гэснийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 8,
  • татгалзсан 37,
  • түдгэлзсэн 1 бүгд 46,

Насны тодотгол дээр түрүүнийхээ санал хураалтаар явлаа. 40-өөс доош гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 9,
  • татгалзсан 36,
  • түдгэлзсэн 1 бүгд 46,

Дараачаар нь 40 гэж байгаа, сая 50 гэж нэмэгдлээ, 55, 60 гэж байна. Тийм учраас 50, 55, 60 гэснийг 1 бүлэг болголоо. Тэгээд энийгээ 40-өөс дээш нас гэдэг гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 9,
  • татгалзсан 36,
  • түдгэлзсэн 1 бүгд 46,

Дараачаар нь 40 гэж байгаа, сая 50 гэж нэмэгдлээ, 55, 60 гэж байна. Тийм учраас 50, 55, 60 гэснийг 1 бүлэг болголоо.Тэгээд энийгээ 40-өөс дээш нас гэдэг томьёоллоор томьёоллоо. Гурван тодорхой насыг дотроо агуулж байна. 40-өөс дээш гэдэг миний томьёолол дотор 50, 55, 60 гэсэн 3 тоо агуулагдаж байна. 50 оролцоод 50-иас дээш гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 27, 58, 70 хувь
  • татгалзсан 18,
  • түдгэлзсэн 1 бүгд 46, олонхын дэмжлэг авч байна.

Энэ маань дотроо 50, 55, 60 гэсэн 3 нас байгаа. Ингээд 55-ыг оролцуулаад 55-аас дээш санал хураалт явуулъя. Энэ дэмжигдэхгүй бол 50 гэсэн үг шүү дээ. 55-аас дээш гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 17,
  • татгалзсан 30,
  • түдгэлзсэн 0 бүгд 47, дэмжигдэхгүй байна. Тийм учраас 50 гэсэн насаар тогтож байна гэжээ.

Үргэлжлэл бий.                     Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж

Холбоотой мэдээ