ОРХОН: Аз жаргалыг ногоон өнгөгүйгээр бүү төсөөл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-09-05 12:07:50
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Бид насан туршдаа аз жаргалыг хайдаг. Түүнд хүрэх гэж өчигдөр, өнөөдөр маргаашаа “барна”. Аз жаргалын төлөө аз жаргалыг устгасаар байдаг. Энэ устгагдаж буй аз жаргал бол ногоон дэлхий юм.

Эрдэнэт хотод саяхан байгуулсан Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвөөр зочиллоо. Тэдний уриа НОГООН АЗ ЖАРГАЛ буюу GREEN HAPPINESS.

Тэд аз жаргалыг “үйлдвэрлэж” байна. Энэ үйлдвэрлэлийн үйл явц нь Монголын ирээдүйг хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжүүлнэ. 

Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ энэ хавар ашиглалтад оруулсан. Тэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөс 100 сая мод тарих даалгаврыг төрөөс авсан. Энэ үйл хэрэг Монголын экосистемийг бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулна. Тийм учраас тэд энэ цагийн хамгийн чухал хүмүүс юм.

Яагаад гэвэл нэг см-ийн зузаантай хар шороон хөрс байгалийн жамаараа 100 жилийн хугацаанд бий болдог бол тэд жилд 500 шоо.метр ашигт бактеритай хөрс бэлдэхээр туршилтаа эхлүүлээд байна.  Хөрсийг ухдаг биш  “ургуулах” –аар ажиллаж байна.  Энэ  бол Монгол Улсад анх удаа байгуулсан  хөрс, биотехнологийн лаборатори юм.

Ой мод, ногоон байгууламж нь  аз жаргалын түвшинд нөлөөлдгийг судлаачид хэлж байна. Мод бол амьдрал. Тиймээс Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийн мэргэжилтнүүд сая, сая мод үржүүлнэ, ургуулна. Тэд эхлээд Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн 8 км зурвас газрын 5 га талбайд хайлаас модны 161 кг үрийг суулгасан.  Хоёрхон сарын хугацаанд 20-30 см хэмжээтэй ургасан. Энэ  бол  Монгол Улсад модны үрээр тарьсан анхны тарьц юм.  Энэ намар Хаягдлын аж ахуйн 20 га газарт 20 мянган хайлаас тарихаар хөрсөө бэлджээ.

Мод үржүүлгийн газрыг Булган аймгийн Хялганат тосгоны 100 га талбайд байгуулахаар ажиллаж байна. Энд мод үржүүлгийн хүлэмж, бойжуулалт, жимс, жимсгэний, ургамлын плантац, ханан зурвас, загас, зөгийн аж ахуй багтана. Мөн жилд 10 сая тарьц гаргаж аваад түүнийгээ ургуулах судалгаа, шинжилгээний ажлаа эхлүүлээд байна. Арван жилийн хугацаанд 100 сая мод тарина.  Швед технологиор Нэг хүн Нэг сая модыг Нэг га газарт тарих бөгөөд шинэ технологи шинэ амьдралыг бий болгохоор ажиллацгааж байна.  Энэ бол автомат мод үржүүлгийн лаборатори юм.

Тэд Монгол Улсад нэн ховордсон болон устах эрсдэлтэй ургамлын генфондыг хамгаалж эхэлжээ. Энэ генфондыг авч үлдсэнээр Монгол Улс хүн төрөлхтөний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаагийн нэг илрэл юм. Ховордсон ургамлын генфондын дээжийг хадгалж түүнээс ургуулсан ургамлаа экспортод гаргана. Жишээ нь тэхийн шээг ургамлын генфондыг хадгалж тариална. Түүний ашигт шинж чанарыг нь давхар хадгална. Хүлэмжид богино хугацаанд ургуулж олон нийтийн хэрэгцээнд нийлүүлнэ. Ингэснээр ховор, нэн ховор ургамлыг устаж үгүй болохоос аврахаас гадна Монгол Улс экспортод чиглэсэн, өндөр өгөөжтэй, эдийн засгийн томоохон хөшүүрэгтэй болно.

Норвеги улс дэлхийн ургамлын маш том генфондтой. Эндээс зарим орон өөрийнх нь улсад ургаж байгаад устсан ургамлынхаа үрийг худалдаж авдаг. Тэр утгаараа ургамлын генфондыг бүрдүүлнэ гэдэг тухайн улсын экосистемийг “эзэмшинэ” гэсэн үг юм.

Энэ мэтчилэн Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийн үйл ажиллагаа Монголын экосистем төдийгүй дэлхийн экосистемийг бүрдүүлэхэд  чухал ач холбогдолтой юм.  Монголчууд тун удахгүй хөрсөө “ургуулж”, модоо “үйлдвэрлэж” эхэлнэ.

Иймд  та үр хүүхдээ эрүүл байлгая, улс орноо сайхан болгоё гэвэл мод тарь. Аз жаргалыг ногоон өнгөгүйгээр битгий төсөөл хэмээн Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийнхөн уриаллаа. Тэд “Ногоон аз жаргал”- ыг бүтээж байна.

 

Холбоотой мэдээ