Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд тулгамдсан асуудлыг яаравчлан шийдэх үүрэг өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-09 10:01:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар “Тавантолгой түлш” ХХК-ийн баруун үйлдвэрт ажиллаж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлтэй танилцан, шийдэх асуудлыг хэлэлцлээ.


“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Ц.Даваацэрэн, “Одоогоор 100 мянган тонн сайжруулсан шахмал түлш, 210 мянган тонн мидлинг нөөцөлсөн. Нийт 3380 орон тоотой ажиллахаас 2185 ажилтантай байна. Үйлдвэр улирлын чанартай ажилладгаас боловсон хүчин тогтворгүй байдаг. Ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөлийг хүнд хортойд бүртгүүлэх, цалингийн сүлжээг сайжруулахад анхаарч байгаа”-г танилцуулав. Тус үйлдвэрийн 12 төрлийн ажлын байрыг хүнд хортой нөхцөлд бүртгүүлэхээр ХНХЯ-нд санал боловсруулан өгчээ. Зүүн бүсийн үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар ажиллах хүртэлх хугацаанд баруун бүсийн үйлдвэрийг үе шаттай зогсоохоор салбарын яамтайгаа тохиролцсон аж. Зүүн бүсийн үйлдвэрт ус хангамж тулгамдсаныг шийдэх нь чухал байгааг тэрбээр онцоллоо.


Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө энэ үеэр, “Энэ жил 31 тээврийн компанитай гэрээ байгуулж, 392,100 тонн сайжруулсан шахмал түлш тээвэрлэсэн. 2020 онд 22 тээврийн компани, 2021 онд 35 тээврийн компанийг сонгон шалгаруулсан бол энэ онд 31 тээврийн компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан. 2022-2023 оны халаалтын улиралд агаарын чанарын бүсэд сайжруулсан түлшний 650 цэг ажиллуулна. Энэ сарын 15-аас шаардлага хангасан борлуулалтын цэгүүдийг ажиллуулахаар бэлтгэж байна. Агаарын чанарын бүсэд энэ жилээс Налайх дүүрэг орж байгаа. Тус дүүргийн 7691 өрхөд угаарын хий мэдрэгч өгнө” хэмээв.


Монгол Улсын Засгийн газрын гишүүд цаашид энэ ажлыг өндөр түвшинд зохион байгуулахыг үүрэг болгов. Шадар сайд С.Амарсайхан “Хотын агаарын чанарыг сайжруулах, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, борлуулан түгээхийг Засгийн газраас хангалттай дэмжиж байгаа. Төлөвлөсөн хугацаанд асуудлаа шийдэн, чанар стандарт, хатаалтад ЭХЯ анхааръя. Мидлинг татах асуудлыг яаралтай шийдэхэд Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр зам анхаарлаа хандуул” гэсэн үүргийг өглөө.

Холбоотой мэдээ