Тапан Мишра: Тогтвортой хөгжлийн зорилт бол “”Алсын хараа-2050” бодлогыг хэрэгжүүлэх үндсэн суурь

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-09-10 13:48:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.


Тогтвортой хөгжлийн 169 зорилт бүхий 17 зорилгод НҮБ-ын гишүүн 193 орон нэгдсэн. Дэлхий нийт 2030 он гэхэд эдгээр зорилгыг биелүүлснээр ядуурал, өлсгөлөнгийн бүх хэлбэрийг эцэс болгож, эх дэлхийгээ хамгаалж, шударга, эрх тэгш нийгмийг цогцлооно хэмээн олон улс үзэж буй юм. Манай улс Тогтвортой хөгжлийн зорилгыг улс орондоо нутагшуулан хэрэгжүүлэх амлалт өгсөн анхны орнуудын нэг билээ. УИХ-аас дэлхий нийтийн эдгээр зорилгуудтай уялдуулан хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан юм. Тогтвортой хөгжлийн зорилгыг амжилттай хэрэгжүүлэх нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх үндсэн суурь болно гэдгийг Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра өдөрлөгийн нээлтийн үеэр онцолсон юм.


“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн сурагч М.Цэндсүрэн: Би сайн дурын ажил хийгээд явж байхдаа сэтгэл эмзэглэм олон зүйлтэй таардаг. Тухайлбал, хүнд өвчнөөр өвдсөний улмаас эх орондоо эмчлэгдэж чадахгүй байсаар зогсож буй “бяцхан зүрх”-нүүд. Гэтэл тухайн өвчнийг нь хилийн чанадад эмчлэх боломжтой байдаг. Гэхдээ ирээдүйд эмчлэх боломжтой өвчнөөр хүүхэд энддэггүй, хүн бүр чанартай эрүүл мэндийн үйлчилгээг авч чаддаг болсон байх болно гээд төсөөлөөд үз. 2030 онд Монгол Улс ногоон байгууламж ихтэй, хүүхэд бүрд хангалттай хүртээмжтэй сургууль, цэцэрлэгтэй, хог хаягдлаа дахин боловсруулдаг болсон байх болно. Мөн хүн төрлөхтний бүхий л үйл ажиллагаа байгаль орчинд ээлтэй байхад чиглэсэн байх болно. Энэ бол ТХЗ-ыг биелүүлснээр бий гэгээлэг Монгол Улсын тухай төсөөлөл юм. Хүүхэд, залуучууд өөрийн чаддаг бүхнээрээ ТХЗ-ын төлөө ажилласнаар энэхүү төсөөллийн ирээдүйг бодит болгох боломжтой. Үүний нэг жишээ бол, “Өсвөрийн парламент” хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах болон өсвөр үеийнхэний эрүүл мэндийг дэмжих зорилготой 60 гаруй нөлөөллийн ажлыг Монгол орон даяар амжилттай хэрэгжүүлсэн. Илүү гэгээлэг Монгол Улсыг бүтээхийн төлөөх ажилд залуучууд бид гар бие оролцоод эхэлсэн гэсэн үг.


Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: НҮБ-аас нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлыг цогцоор нь тусгасан ТХЗ-ыг тунхаглан баталснаас хойш 7 жилийн хугацаа өнгөрөөд байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-ийн хүрээнд эхний 10 жилд хэрэгжих зорилтот хөтөлбөрүүд нь ТХЗ-той нягт уялдсан. Энэ зорилгыг биелүүлэх замд тодорхой хүндрэлүүд гарсан. Бид бүгдийн мэдэж байгаа цар тахал, геополитик зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа асуудал нь энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгээлд байна. Энэ сорилтыг даван туулахад бид бүгд илүү хүчин чармайлт гаргаж, нягт хамтран ажиллах шаардлагатай. Үүнд НҮБ-ын үүрэг улам бүр нэмэгдэж буйг онцолж хэлмээр байна. ТХЗ-ыг биелүүлэхэд НҮБ улам идэвхтэй оролцож, талууд нягт хамтран ажиллахыг хүсэж байна. Бүгдээрээ хамтарч чадвал ТХЗ-ыг цаг хугацаанд нь биелүүлж чадна.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: ТХЗ нь хэнийг ч орхигдуулахгүй байх зарчимтай, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оржжлэ, үр өгөөжийг нь хүн бүр хүртдэг байхыг тунхагласан, хүн төрлөхтний нийтлэг хүслийг шингээсэн том хөтөлбөр. Монгол Улс энэ зорилгыг анхлан баталсан орнуудын нэг болж, үндэсний хөгжлийн бодлоготойгоо нягт уялдуулан амжилттай хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж байгаа хэмээн олон улсад үнэлэгддэг. Энэ хөтөлбөр төр, хувийн хэвшил, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, хувь хүмүүс зэрэг бүх талын оролцоог хангасан зохицуулалттай тасралтгүй үйл ажиллагаа, хөгжлийн бодлогыг амьдралд хэрэгжүүлэх, үндэсний санал, санаачилгыг дэмжих, иргэдэд хүрэх бодит үр өгөөжийг нэмэхийн зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад өөрийн хувь нэмрээ оруулахад чухал ач холбогдолтой. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш саяхан манай улсад айлчлах үеэрээ ТХЗ-ыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын гаргасан хүчин чармайлтыг өндрөөр үнэлсэн.


МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: ТХЗ-ын төлөөх үйлсэд нэгдсэн, нэгдэхийг хүссэн олон байгууллага өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд цугласан байна. Төрийн болон хувийн хэвшлийнхэн, олон улсын байгууллагууд 2030 он гэхэд Монгол Улсад ТХЗ-ыг биелүүлэхийг зорьж байгаа гэдэгт итгэлтэй байна. ТХЗ-ыг хэрэгжүүлэх чухал багана бол хувийн хэвшил юм. Тэгэхээр хувийн хэвшлийнхэнд ТЗХ-ыг ойлгуулах, түүнд нэгтгэх, үүнийг түгээн дэлгэрүүлэх МҮХАҮТ-ын үндсэн үүрэг гэдгийг маш сайн ухамсарлаж байгаа. МҮХАҮТ нь Тогтвортой хөгжлийн 17 зорилгоос эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг нэмэх, залуу үеийг дэмжих, инновац болон дэд бүтцийг хөгжүүлэх гэсэн үндсэн 3 зорилгод онцгой анхааарал хандуулж байгаа. Өнөөдрийн байдлаар бид ТХЗ-ын төлөө 30 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, 20 гаруй ажлыг зохион байгуулж байна.


Нээлттэй өдөрлөгт оролцогчдод Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ололт амжилт болон нийгэмд тулгарч буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд оруулсан хувь нэмэр, сайн туршлагаа олон нийтэд сурталчлан танилцуулах боломж олгож байна. Ингэснээр иргэд, олон нийт, байгууллага, хамт олонд сайн жишиг түгээх, байгаль орчин болон хүнд ээлтэй зан үйл, амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлж, төлөвшүүлэхийг зорьж байгаа аж. Өнөөдөр 17.00 цаг хүртэл үргэлжлэх энэхүү өдөрлөгийн хүрээнд төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн, боловсролын болон Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр зэрэг нийт 120 байгууллага ТХЗ-ыг хэрэгжүүлэх үйл ажиллаагаа, санаачилгуудынхаа үр дүнг танилцуулж байна. Тухайлбал:

-Зохистой хөдөлмөрийг дэмжих Хөдөлмөрийн яармагаар ажил хайж буй иргэдэд цогц мэдээлэл, үйлчилгээ хүргэнэ.

-Дахивар хогийг ангилан ялгаж, дахин боловсруулах талаар иргэдэд мэдээлэл сурталчилгааг хог хаягдлын менежментийг бий болгоход манлайлж буй иргэдийн сайн дурын санаачилга хөдөлгөөн болон иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн хүргэж байна.

-Гадаад, дотоодын сургалтын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг оюутан залууст нэг дор цогц байдлаар хүргэх тэтгэлэгт хөтөлбөрийн үзэсгэлэн зохион байгуулж байна.

-Мэдээлэл технологийн дэвшлийг ашиглан виртуал орчинд ТХЗ-ын талаар мэдээлэл авахаас гадна e-mongolia үйлчилгээг газар дээр нь авах боломжтой.

Холбоотой мэдээ