Гүйцэтгэлийн үнэлгээгээр 1-4 дүгээр түвшинд эрэмбэлэгдсэн багш нарт 10-25 хувийн урамшуулал олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ-наас ЕБС-ийн 29 324 багшийг хамруулан хийсэн гүйцэтгэлийн үнэлгээг танилцууллаа.
БШУ-ы сайд
Л.Энх-Амгалан мэдээлэхдээ, "Монгол Улсад боловсролын чанарын асуудлыг онцгойлон анхаарах цаг болсон.
Өнгөрсөн хугацаанд хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгох, гурван ээлжийн сургуулийг
хоёр ээлжийнх болгох гээд хүртээмжийн асуудлыг их ярьсан. Цаашид хүртээмжээс
илүү чанарын тогтолцоог хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Засгийн
газраас 270 цэцэрлэг, 200 сургууль барьж ашиглалтад оруулах зорилт тавьсан. Энэ
зорилт 2023 онд хэрэгжих бүрэн боломжтой боллоо.
Багшийн ажлын
гүйцэтгэлийг үнэлэхдээ
1.Суралцагчид боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр
дүн
2.Суралцагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн
3.Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц үр дүн
4.Сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр гэсэн дөрвөн шалгуураар 5-45 оноогоор дүгнэсэн” гэв.
Сангийн яам төсвийн реформыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран энэ салбараас эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Тиймээс гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог боловсролын салбарт нэвтрүүлж, энэ хүрээнд Боловсролын үнэлгээний төв 2022 оны 5 дугаар сард багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулсан. Үнэлгээнд 655 сургуулийн 29324 багш хамрагджээ. Уг үнэлгээнд хотын багшийг хөдөөгийн багштай харьцуулаагүй, зааж буй хичээлээр нь ангилж үнэлсэн гэдгийг тэрбээр тодотгов.
Нэгдүгээр ангилалд 25 хувь, хоёрдугаар ангилалд 20 хувь, гуравдугаар ангилалд 15 хувь, дөрөвдүгээр ангилалд багтсан багш нарт 10 хувийн урамшууллыг үндсэн цалин дээр нь олгох юм.
Харин тав, зургаадугаар түвшинд өнөөдрийн байдлаар
үнэлэгдсэн багш нарын цалингаас нэг ч төгрөг хасахгүй. Гарааны үнэлгээ хийгээд
дараагийн хичээлийн жилд тодорхой ахиц дэвшил гарвал урамшуулал авдаг багш
нарын эгнээнд орох боломжтой. Гүйцэтгэлд суурилсан урамшууллын тогтолцоо
нэвтэрснээр нийт багш нарын 40 орчим хувь нь ажлынхаа гүйцэтгэлийн үр дүнг
үнэлүүлээд 10-25 хувийн урамшуулал авах боломж бүрдэж байгааг мөн онцлов.
Нэгдүгээр түвшин буюу хамгийн өндөр гүйцэтгэлтэй 947 багш улсын хэмжээнд байна. Хоёрдугаар түвшинд 2 982, гуравдугаар түвшинд 3351, дөрөвдүгээр түвшинд 5 016, тав болон зургаадугаар түвшинд 17 мянган багш байгаа аж.
Гүйцэтгэлийн үнэлгээг цаашид жил бүр зохион байгуулах бөгөөд өөрийн өмнөх үр дүнгээ ахиулж чадсан багш нар дараа дараагийн жилд урамшуулалд хамрагдах боломжтой болно. Мөн энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн боловсролын багш нарыг хамруулах юм.