ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ: Шинэ хүнс, шинэ амт бол АРТИШОК

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-09-19 12:02:24
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Өглөө эрт хүнсний дэлгүүр ороход бэлэн гоймон, хиам, өндөг авч байгаа хүүтэй таарлаа. Би тэссэнгүй ийм төрлийн хоолыг хааяа л идэж байгаарай миний дүү гэчихлээ.


Хэдийгээр тэр хүүг танихгүй ч ирээдүйд миний хүүхдүүдийн найз, эсвэл нөхөр нь байхыг үгүйсгэхгүй. Тиймээс эрүүл л байгаасай гэж бодсондоо илүү үглэсэн хэрэг. Үүнээс улбаалаад эрүүл, зөв хооллолтын мэдлэг, мэдээлэл, дадал аав, ээж, асран хамгаалагчдад ямар чухал болохыг ойлгуулахыг хичээдэг болсон. Тиймээс элдэв химийн бордоогүй тарьж ургуулсан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, зөв боловсруулсан хүнс, зөв идэх аргачлалын талаар нэгэн сурвалжилга бэлтгэлээ.


Би ярилцагч зочинтойгоо анх 2016 онд танилцсан. Тухайн үед Д.Болормаа Эрдэнэт хотод анх удаа артишок тарьж эхэлж байлаа. Багахан хүлэмжид тарьсан артишокоо сайн ургуулж, ургац алдуулахгүйн тулд маш их хичээж байгаа тухай хэлж билээ. Харин одоо /2022.9.10/ түүний ургуулсан артишокийн цайг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчид болон "Монос" эмийн сангаар дамжин 21 аймгийн иргэд ууж байна. Тэрбээр "Миний зориг бол-Эрсдэлээс огт айхаа больсон" хэмээн ажлынхаа үр дүнг товч бөгөөд тодорхой дүгнэж хэлсэн юм. Учир нь тэрбээр шинэ төрлийн ургамлыг нутагшуулах гэж 6 жилийг зарцуулжээ. Мөн хүнсэндээ хувьсгал хийхийн тулд өөрөөсөө их зориг гаргасан тухай дурдаж байлаа.


-Яагаад АРТИШОК гэж гэсэн асуултад тэрбээр,

-Би хүнсний технологич мэргэжилтэй. Олон жил хүлэмжид төрөл бүрийн хүнсний ногоо тарьдаг байлаа. Нэг удаа шинэ төрлийн ургамал тарих боломж гарч ирсэн. Миний хувийн “Ачит Андаг” ХХК маань “Экологи хөгжлийн төв” ТББ-тай хамтран ажиллах болж артишокийг нутагшуулах анхны ажлаа хүлээж авлаа. Ингээд 2016 онд анх удаа артишокийг үрээр тарьж эхний ургацаа "Газар шим" ХХК-д түүхий эд болгон нийлүүлсэн. “Экологи хөгжлийн төв” ТББ-д 23 эрдэмтэн зөвлөхөөр ажилладаг тул надад зааж, зааварлах болон  туслах олон хүн байсан. Ингээд ШИНЭ ХҮНС- ШИНЭ ТҮҮХ маань эхэлсэн. Яагаад шинэ гэхээр, монголчууд артишокийг сайн мэддэггүй байх үед бид анх тариалсан.


Энэ ургамлын хамгийн чухал нь элгийг хоргүйжүүлэх, хордлого тайлах, цэвэрлэх үйлчилгээтэй байсан. Мөн дархлааг сайжруулж гормоны үйл ажиллагааг дэмждэг. Үндсэн эх ургамал нь Италиас гаралтай. Дээж үрээр нь монголчууд нутагшуулсан гэсэн үг. Артишок нь эмчилгээний болон тэжээлийн гэсэн хоёр төрөлтэй.

Эмчилгээнийх нь цинара сколюмс /Cynara scolymus L/. Бид органик үрээр тарьж өнөөдөр “Зөв хүнс” гэсэн шошгийг АРТИШОК цай брэнддээ авч байгаадаа баяртай байна. Эмчилгээний төрлийн энэ артишокийг хүн бүр нутагтаа авчраад нутагшуулаад байж чаддаггүй. Саяхан танил эрдэмтнээр дамжуулан манай компанийг Хятадад очоод тариалаад өгөөч гэсэн санал ирсэн.


-Тэгэхээр тариалахад хэцүү гэсэн үг үү?

-Би эхний жилдээ 10000 ширхэг үр цацахад 1000 ширхэг үрсэлгээ гарсан. 120 м.кв талбайтай хүлэмжид тарихад 1.80 см хүртэл өндөр ургасан. Харин одоо 3.80 см хүртэл ургуулж чадаж байгаа. Хавар тариалахад 10 дугаар сард цэцэглэдэг. Хүйтрэх тусам гашуун амт нь гадагшилж эрүүл мэндэд тустай шинж чанар нь гардаг гэсэн үг. Би эхний хэдэн жилдээ ургацаа "Газар шим" ХХК-д нийлүүлж байгаад сүүлд нь Эрдэнэтийн брэнд хүнс болгох зорилт тавьж артишокоо хатаан цай үйлдвэрлэж эхэлсэн. Одоо манай цайг Эрдэнэтийнхэн төдийгүй улс даяараа ууж байгаа. Өнөөдөр гэхэд л "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ бидэнтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.


-Та артишокийг хоргүйжүүлэх, элэг хамгаалах үйлчилгээтэй учир тарьсан гэж байна. Үр дүнг нь хүртсэн хүн тантай хэр их холбогдож байна вэ ?

-Элэгний В,С вирустэй, бөөрний дутагдалтай, нойр булчирхай нь өвддөг хүмүүс хэрэглээд өвдөлт багассан, зүрх дэлсэхээ байж дархлаа сэргэсэн гэж эргэж холбогддог хүмүүс бий. Биеийг хоргүйжүүлэхээс гадна холестрин багасгадаг тул хүмүүс эрүүлээр турах зорилгоор бас давхар хэрэглэдэг. Артишок цайны зохист хэрэглээ бол 30 ширхэг цайг 30 хоног хэрэглээд 7-14 хоног завсарлаж дахин хэрэглэнэ. Цай гаргаж буйн зорилго нь өдөр тутмын хэрэглээ болгоход чиглэсэн.


Орхон аймаг 100 гаруй мянган хүн амтай. Хүн амд зонхилон тохиолдох өвчний эхний тавд зүрх судас, амьсгалын замын өвчлөл, элэг, ходоод, уушгины хавдар эзэлдэг. Жилд дунджаар 300 хүн хорт хавдраар оношлогддог. Тиймээс хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл, зөв зохистой хооллолтын талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Иймд “Ачит Андаг” ХХК аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран “Эрүүл мэндийн өдөрлөг” зохион байгуулж, артишок хүний эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаар мэдээлэл өгчээ.



ДАХИАД Л “ШИНЭ НОГОО”-ШИНЭ ХҮНС

Д.Болормаа технологич дахин шинэ амтын эрэлд гарчээ. Түүнд танил доктор нь АНУ-аас гаралтай АЛТАНЦЭЦЭГ ургамлын үр бэлэглэжээ. Энэ цэцэг нь цус цэвэршүүлж судасны хана цэвэрлэдэг. 2021 онд 120 м.кв талбайд 500 ширхэг үрсэлгээ тарихад 3.70 см-ийн өндөртэй ургаж гайхшруулсан гэдэг. Цэцгээ хатааж байтал хяруу цохиод ургацаа алджээ. Гэхдээ ирэх жил уг ургамлаа нарийн судалгаанд өгч дахин эхэлнэ гэв. Учир нь Д.Болормаа  хүнсээр дамжуулж хүмүүсийг эрүүлжүүлэх хүсэлтэй. Иймд хэрэгтэй хүнсийг хэрэгтэй үед нь тарихыг эрмэлзэж байгаа нь энэ. Цаашид АЛТАНЦЭЦЭГ ургамлынхаа цэцгээр нь цай, навчаар нь ундаа хийх зорилттой.


Дараагийнх нь РУКОЛО. Энэ бол “ходоодны эм” л гэсэн үг. Монголчууд шиг хоол, эм хоёроо ялгаж хэрэглэхээ больсон энэ үед маш чухал үйл хэрэг шиг санагдлаа. Италиас гаралтай уг ногоо нь Монголын зах зээлд 40 мянган төгрөгөөр худалддаг. Сайн тарьж чадвал жилд 3 удаа ургац авна. Хоолондоо цаддаггүй, байнга өлсөөд байдаг хүмүүс уг ногоог хэрэглэснээр ходоодны үйл ажиллагаа хэвийн болдог.


Д.Болормаа уг ногоог "Силк Роуд Фронтьерс" ХХК-ийн захирал Я.Энхээгийн захиалгаар анх тарьжээ. 2021 онд ургацаа аваад тус компанид нийлүүлсэн байна. Түүгээр нь Я.Энхээ захирал паста хийж пиццандаа ашиглах болсон байна.  Болормаагийн зорилго РУКОЛО ногоог байнгын хэрэглээ болгох.


"Бидний ам руу орж буй бүхэн шим тэжээлтэй байх ёстой. Иймд монголчуудын дунд зонхилон тохиолдож байгаа ходоодны шарх, хавдар, үрэвслийг багасгахын төлөө би ажиллаж байгаа" гэж тэрбээр хэллээ.


СОЁОЛЖ. Том, том гэдэстэй, зүрс судасны асуудалтай, элэг нь өөхөлчихсөн хүмүүс бидний эргэн тойронд их. Хүмүүс эрүүл байхын төлөө өөрийгөө дайчлахыг хүсдэггүй учир өдөр тутмын хэрэглээ болсон цай, ундаагаар нь дамжуулж эрүүлжүүлэхээр Д.Болормаа зорьж байгаа. Иймд монголчуудын мэддэггүй, гэхдээ эрүүл мэндэд нэн тустай, хамгийн гол нь өөрсдөө тариалаад ургуулчих боломжтой тийм л хүнс, амтыг хайж байгаа. Үүний нэг нь соёолж. Анхны үрсэлгээгээ тариад 3.8 тонн соёолж авчээ. Үүнийгээ зах зээлд нийлүүлж. Зориулалтын хүлэмжид тарих юм бол наймхан хоногт эхний ургацаа авна. Болормаа өөрийн хүлэмждээ туршилтаар тарихад 15 хоногт эхний ургацаа авчээ. Тэрбээр соёолжны ундаагаар монголчуудаа “дайлах”-ыг хүсч байгаа.



Газар тариалангийн салбараас үйлдвэрлэлийн салбар руу, үйлдвэрлэлээс ЭРҮҮЛ МЭНД-ийн салбар руу үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа Д.Болормаа технологичийн ажил, амьдралын замнал энэ. Тэрбээр Монголдоо АРТИШОК, АЛТАНЦЭЦЭГ, РУКОЛО, СОЁОЛЖ-ийг тарьж ЭЛЭГ, ХОДООД, ЦУС, ЗҮРХ, СУДАС-ны үйл ажиллагааг сайжруулах, дэмжих бүтээгдэхүүн нь хүнс байхыг санал болгож байгаа юм. Нэг хүний зөв үйл, хэргийг олон хүн хүртэж болдог. Иймд эрүүл мэндийн боловсролтой  ээж, аав  гэр бүл, үр хүүхдийнхээ эрүүл мэндийн асуудлыг шийдэж чадна. Өөрөөр хэлбэл, бид хүнсэндээ ХУВЬСГАЛ хийх цаг болсон.                                     


Холбоотой мэдээ