ОРХОН: “Тарьсан модоо эргэе” аян эхэллээ

ОРОН НУТАГТ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-09-13 13:23:59
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын Тамгын газраас “Тарьсан модоо эргэе” аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагыг өнгөрсөн хавар тарьсан модоо усалж, арчлахыг уриаллаа.

Орхон аймаг өнгөрсөн хавар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд 11 байршилд 220 мянга гаруй мод тарьсан. 
Чимээгүй хотын хамгаалалтын ойн зурвас, Цагаан чулуутын ам, А1001 авто зам дагуух ойн зурвас, Эрдэнэт хаалга  зэрэг газарт 11500 ширхэг навчит болон шилмүүст мод тарьж, ойн талбайг 6 га талбайгаар нэмэгдүүлэн 12.5 га талбайд хүргэжээ. 

Өнгөрсөн хавар Засаг дарга С.Батжаргал  Баян-Өндөр уулын Хүрэнбулагийн аманд “Гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн”-г санаачлан байгуулсан. Тус цэцэрлэгт хүрээлэнд хаврын мод тарилтаар хайлаас, шинэс, нарс, гацуур, өрөл, агч, монос, гүйлс, бүйлс, голтбор зэрэг 9153 тарьцыг иргэд гэр бүлээрээ суулгасан. Эдгээр 9153 ширхэг тарьцын 95 хувь амжилттай ургажээ. 
Энэ намрын тарилтаар  иргэн, аж ахуйн нэгжийн оролцоотой 50,000 ширхэг мод тарина.

Холбоотой мэдээ