Мэргэжлийн хяналт Засгийн газрын харьяа байгууллагуудад хөндлөнгийн хяналт тавих агентлаг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-09-14 13:54:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт оруулахаар төлөвлөж буй өөрчлөлтийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр олон нийтэд танилцууллаа.


МХЕГ 26 хяналт, 1 шалгалт, 1 лабораторийн үйл ажиллагааг хариуцдаг байна. Эдгээрээс 40 орчим хувийг мэргэжлийн холбоод, ТББ-уудаар гүйцэтгүүлэх боломжтой судалгаа гарсан байна. Харин хүнс, эрүүл мэнд зэрэг иргэний амь нас, эрүүл мэндтэй холбоотой салбарын хяналт шалтгалтыг 9-11 яаманд шилжүүлэх боломжтой гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, “Мэргэжлийн хяналтын байгууллага нь ёс зүйтэй, өндөр хариуцлагатай, бүтээмж өндөр төрийн албыг бүрдүүлэх, төрийн хууль биелүүлэх ажилд хяналт тавьж, Засгийн газрыг удирдах чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь Ерөнхий сайдад дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллана. Засгийн газрын харьяа байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа, бодлогын хэрэгжилтийн нэгдмэл байдлыг хангаж, хяналтыг хэрэгжүүлэх, ил тод, шуурхай байдлыг сайжруулах, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх нь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болно. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглалын дотоод хяналтыг хэрэгжүүлэх, Засгийн газрын харьяа байгууллагуудад хөндлөнгийн хяналт тавих чиг үүрэгтэй агентлаг болох юм” гэв.


Дээрх өөрчлөлтийг 14 хоногийн дотор Засгийн газрын хуралд танилцуулах бөгөөд дэмжсэн тохиолдолд УИХ-д өргөн барих аж.

Холбоотой мэдээ