БАЯН-ӨЛГИЙ: Тариаланчид төв талбайд нэг сарын турш бүтээгдэхүүнээ борлуулна

ФОТО МЭДЭЭ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-14 14:18:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас аймгийн ЗДТГ, Өлгий сумын ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Худалдаа аж үйлдвэрийн танхимын салбар зэрэг байгууллагуудтай хамтран "Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл 2022" үзэсгэлэн худалдааг Өлгий хотын төв талбайд өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаанд тус аймгийн 13 сумын 40 орчим газар тариалан эрхлэгчид, мөн сүү, сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, модон эдлэл, гар урлал, зөөлөн оёдлын үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна. Тэд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээ ард иргэдэд танилцуулж, борлуулж байгаа.


"Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаа энэ жил өргөн хүрээтэй болж байгаагаараа онцлогтой. Өнгөрсөн онд үзэсгэлэн худалдаанд газар тариалан, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож байсан. Үйл ажиллагаа маань өнөөдөр болон маргааш үзэсгэлэн худалдаа хэлбэрээр явна. Түүнээс хойш 1 сарын хугацаанд газар тариалан эрхлэгчдэд төв талбайд бүтээгдэхүүнүүдээ борлуулах боломж бүрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. Энэ хугацаанд тариалан эрхлэгчдээс ямар нэгэн хураамж төлбөр авахгүй" хэмээн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан хэлэв.