БАЯН-ӨЛГИЙ: Төмсний хэрэгцээний 95 хувийг дотооддоо хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-19 11:02:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг энэ жил төмсний хэрэгцээнийхээ 95 хувийг дотооддоо хангана гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан мэдэгдлээ.

Тэрээр, "Өмнөх жилүүдэд манай аймаг төмсний хэрэгцээнийхээ 90-ээс дээш хувийг дотооддоо хангадаг байсан. Харин энэ жил ургацын урьдчилсан балансаар 95 хувьд хүрэхээр байна. Ойрын 4 жилийн хугацаанд төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 35 хувийг дотооддоо хангахыг зорьж байгаа. Өнгөрсөн онд хүнсний ногооны хангалтын түвшин 17 хувьтай гарсан. Харин уг үзүүлэлт энэ жил 21-22 хувьд хүрэх урьдчилсан тооцоотой байна" хэмээн хэлэв.

Баян-Өлгий аймгийн тариачид өнгөрсөн хавар 1380 га талбайд тариалалт хийсэн ба талбайн хэмжээ нь өмнөх оныхоос 80 га-гаар нэмэгдсэн. Үүнээс ургацын урьчилсан балансаар 4270-4300 тонн ургац хураан авах боломжтой хэмээн үзсэн байна. Тус аймагт ургац хураалтын ажил үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ