СЭЛЭНГЭ: Номын баяр заавал уншиж судлах зохиол бүтээлийн танилцуулгаар үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-19 14:49:02

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Үндэсний бичиг соёл, номын өдөр-2022 үйл ажиллагааг 32 дахь удаагаа Сэлэнгэ аймагт зохион байгуулж байна. 


Энэхүү ажлын хүрээнд:

-Ховор хуучин ном,

-Шинэ номын үзэсгэлэн,

-Заавал унших зохиолуудын номын үзэсгэлэн,

-Дэлхийн сонгодог зохиолууд,

-Англи номын үзэсгэлэн,

-Бүтээлчээр урлая уралдааны үзэсгэлэн,

-Сурагчдын бүтээлийн үзэсгэлэнгүүдийг Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангийн гэрээр ном олгох, нийтийн уншлагын танхимд энэ сарын 22-ны өдрийг хүртэл иргэд, олон нийтэд толилуулахаар болжээ.

 

Мөн бага, дунд ангийн сурагчдын заавал уншиж судлах зохиол бүтээлүүдээс цахим орчинд цувралаар танилцуулж байна. Тухайлбал Донровын Намдагийн “Хөгшин чоно ульсан нь”, Ш.Гаадамбын “Багын явдал”, Ц.Дамдинсүрэнгийн “Өчүүхэн дөрвөн үлгэр”, Б.Ринченгийн “Заан залуудай” зэрэг бүтээлүүдийг цувралаар нийтлээд байна.

Энэ удаа Зохиолч Бямбын Ринчений тухай хүргэжээ.

-Их эрдэмтэн, зохиолч Б.Ринчен нь 1905 оны 11 дүгээр сарын 21-д Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Булсарай" хэмээх газар Б.Раднаажавын (1874-1921) ууган хүү болон мэндэлжээ. Бүтэн нэр нь Ринчендорж бөгөөд өвөг аавынхаа нэрээр "Бямба" хэмээн овоглох болжээ. Түүний эцэг Еншөөбү Будын Раднаажав нь нэртэй сэхээтэн, хэд хэдэн орны хэл мэддэг хүн байжээ. Эх нь Цогт тайжийн удмын Боржгин овогт Самдангийн Дулам байсан.

 

1914-1920 онд Алексеевский сургуульд сурсан. Хиагтад МАН-ын анхны хурал 1921 оны 3 дугаар сарын 1-3-нд болоход Ринчен орчуулагчаар ажиллаж байжээ. 1923-1924 онд Бямбын Ринчен Верхнеудинск буюу өнөөгийн Улаан-Үд хотын багшийн техникумд сураад 1924 онд хэсэг монгол оюутнуудын хамт Ленинградад үргэлжлүүлэн суралцахаар явж Дорно хэлний ангид элсэн суралцсан байдаг. Монгол хэл бичиг, ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэл бичгийн ухааны доктор цолтой байв.

 

1929 онд байгуулсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан бөгөөд орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман хэлтэй агуу их эрдэмтэн хүн байв. 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Түүний уран бүтээлээс:

- Цогт тайж (1946) кино зохиол,

- Үүрийн туяа (1951) түүхэн роман,

- Заан Залуудай (1964),

- Их нүүдэл (1972),

- Гүнж (1969) зэрэг ном хэвлүүлжээ.

- Нууцыг задруулсан захидал өгүүллэг,

- Ану хатан,

- Шүхэрч Буниа өгүүллэг,

- Монгол хэл,

- Бэр цэцэг,

-Сар шүлэг найраглал нь их алдартай.

Орчуулгын зохиолуууд:

- М.Горькийн Салхич шувууны дуун,

- М.А.Шолоховын Хүний хувь заяа,

- Галидасын Үүлэн зардас,

- Н.В.Гоголийн Тарас Бульба зэрэг олон нийтэд түгсэн зохиолыг орчуулсан байна.

 

Б.Ринчений “Заан залуудайзохиол нь:

-Чулуун зэвсгийн үеийн манай дээдэс, өндөр өвгөс, байгалийн түмэн эрхшээлийн дунд чадал мөхөс, мэдлэггүйхэн, зэвсэг хэрэглэл нэн ядуу асан авч, харш зовлонгоос ангижирч, жаргалтай сайхан амьдрахын хүсэл мөрөөдөл байсан учир, орчин тойрны байгалийн аугаа хүчин үзэгдлийн үнэн учрыг мэдэхгүй боловч, хөдөлмөрийн хүчээр мичнээс хүн болж, бидний өнөөгийн үед зүглэсэн анхны мөр гаргасан тэр үеийг дүрслэн үзүүлсэн зохиол юм.

 

Холбоотой мэдээ