ӨВӨРХАНГАЙ: Отрын малчдыг өвөлжүүлж, хаваржуулах санамж бичиг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-09-20 17:18:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга А.Ишдорж Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай отрын малчдыг өвөлжүүлж, хаваржуулах талаар санамж бичиг байгууллаа.


ХХААХҮЯ-наас гаргасан эрсдэлийн үнэлгээгээр өвөлжилт хүндрэх аймгийн тоонд Өвөрхангай орж байгаа бөгөөд одоогоор 10 гаруй сумын 700-гаад малчин өрх 400 мянга орчим малтайгаар бусад аймагт отор нүүдэл хийх төлөвтэй байгаа юм. Тиймээс Дундговь аймгийн сумдад отроор өвөлжиж, хаваржих Өвөрхангай аймгийн малчдыг бүх боломжоор дэмжин ажиллах хүсэлтийг аймгийн Засаг даргаас тавьсан байна.


Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хүсэлтийг хүлээн авч, отроор яваа малчдад төрийн үйлчилгээг хүргэх, өвөлжөө, хаваржаа, уст цэгээр хангах талаар анхаарч ажиллахаа илэрхийлжээ. Санамж бичигт отроор очихдоо малын гарал үүслийн гэрчилгээтэй байх, эрүүл бүсээс мал оруулах, очсон нутгийнхаа бэлчээрийг зөв зохистой ашиглах, худаг, хороо бууц зэрэг өмч хөрөнгийг хамгаалах, отроор яваа өндөр настай хүмүүс, жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тухай тусгажээ.

Холбоотой мэдээ