ТӨВ: Төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийж байна

ОРОН НУТАГТ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-09-20 19:08:33

Төв /МОНЦАМЭ/ Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамбаар ахлуулсан ажлын баг Төв аймагт ажиллаж байна.


Тус ажлын баг 2022 оны 9 дүгээр сарын 19-28-ны өдрүүдэд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Төв аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний нутгийн захиргааны байгууллагууд, Эрдэнэ, Сэргэлэн суманд “Чадахуйн зарчмын хэрэгжилт” сэдвээр хүний нөөцийн аудит хийх аж. 

    


Хүний нөөцийн аудит нь төрийн байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаа хууль тогтоомж, чадахуйн зарчимд нийцэж байгаа эсэхийг үнэлэх, баталгаажуулах зорилгоор бодит нотолгоонд үндэслэн дүгнэлт гаргаж, хэрхэн засаж сайжруулах талаар зөвлөмж өгөх, түүний хэрэгжилтийг хангуулах хараат бус, бие даасан үйл ажиллагаа юм.



Төрийн албаны зөвлөлийн ажлын баг Төв аймагт 2 дахь өдрөө ажиллаж байна. Өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүний нөөцийн аудит хийж байна. 

    

Энэхүү “Чадахуйн зарчмын хэрэгжилт” хүний нөөцийн аудитаар Төрийн бүтээмжийн сэргэлт, төрийн албаны шинэтгэл, хүний нөөцийн менежмент, төрийн албаны чадавхыг бэхжүүлэх чиглэлээр арга зүйн дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагаанд чадахуйн зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлж дүгнэнэ гэдгийг албаныхан хэллээ. 


Холбоотой мэдээ