БАЯН-ӨЛГИЙ: Тэргүүний хугацаат цэргийн алба хаагч С.Саяжаргалыг хүндэтгэлтэйгээр угтан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-20 19:58:23

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хил хамгаалах ерөнхий газраас  “Тэргүүний хугацаат цэргийн алба хаагчдын зөвлөгөөн”-ийг энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан.


Энэ үеэр  манай улсын 4 зүг 8 зовхисоос 23 цэргийн ангийн хамт олон, үеийн нөхдөө төлөөлөн ирсэн шилдэг 23 хугацаат цэргийн алба хаагч ур ухаан, авьяас чадвар, эрдэм мэдлэг, амьдрах ухаан, цэргийн хэргийн мэдлэгээрээ өрсөлдсөн юм. Тэмцээний нийлбэр дүнгээр Баян-Өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0165 дугаар ангийн түрүүч Содномдовчины Саяжаргал түрүүлж, Монгол Улсын “Онц хилчин” цол тэмдэг, ахлах түрүүч цол, аваргын цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.


Аймаг, хамт олныхоо нэрийг өндөрт өргөн онцгой амжилт гаргасан ахлах түрүүч С.Саяжаргалыг хурандаа Р.Эрдэнэтогтох захирагчтай Хилийн 0165 дугаар ангийн хамт олон өнөөдөр хүндэтгэлтэйгээр угтан авлаа.


"Манай анги 89 жилийн түүхтэй. Энэ хугацаанд маш олон амжилтын эзэн болж байсан. Нэгдүгээр отряд хэмээх нэрийг манай хилчид үеийн үед өндөрт өргөж ирсэн байдаг. Өнөөдөр ч энэ амжилтын буухиа тасрахгүй байна. Манай улсын 4 зүг, 8 зовхисоос ирсэн шилдэг аавын хүүхдүүдтэй шударгаар өрсөлдөн түрүүлж, анги хамт олныхоо нэрийг өндөрт өргөсөн ахлах түрүүч С.Саяжаргалдаа амжилт хүсье" хэмээн ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтох баяр хүргэлээ.

 

Мөн ангийн захирагчийн тушаалаар “Шилдэг хугацаат цэргийн алба хаагч-2022” тэмцээний ялагч С.Саяжаргалыг ангийн "Хүндэт дэвтэр"-т алдаршуулж, "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа.



"Миний 2021 оны 2 дугаар ээлжийн хугацаат цэргийн алба хаахаар Баян-Өлгий аймаг дахь Хилийн 0165 дугаар ангид татагдаж ирсэн. Хил хамгаалах ерөнхий газраас анх удаагаа зохион байгуулсан тэргүүний хугацаат цэргийн алба хаагчийг шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирлээ.

Тэмцээн гарааны өмнөх ажиллагаа, марш тактик гэсэн хоёр үе шаттай явагдсан. Зах даавуу хадах, эмийн ургамлаар анхны тусламж үзүүлэхээс эхлээд 3 км зайд гүйж хилийн албаны хотхонд мөр судлах, 200 м саадтай зурвасыг туулж буудлага хийх, автоматын анхны дасгал боловсруулах, үй олноор хөнөөх зэвсгийн 1, 2 дугаар норматив хийх, сумтай хайрцаг зөөх даалгавруудыг гүйцэтгэж барианд орсон. Надад итгэл хүлээлгэн явуулсан ангийн хамт олондоо баярлалаа" хэмээн ахлах түрүүч С.Саяжаргал талархлаа илэрхийллээ.


Түүний хувьд ирэх сарын 15-нд цэргийн албанаас халагдана. Цаашид Улаанбаатар хотод очиж эрдэм ном сурахаар төлөвлөж байгаагаа тэрээр хэлэв.   




Холбоотой мэдээ