БАЯНХОНГОР: Гангийн эрсдэл ихтэй есөн сум байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-09-21 08:48:46
Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос 2022 оны наймдугаар сард гаргасан гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ, аймгийн Онцгой комиссоос энэ сард гаргасан гангийн эрсдэлийн үнэлгээгээр “Их буюу өндөр” эрсдэлтэй есөн сум байна. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурванбулаг, Жаргалант, Заг, Галуут, Эрдэнэцогт, Баянлиг, Баянговь, Баянцагаан сум гангийн өндөр эрсдэлтэйд тооцогджээ.
Мөн тус аймгийн 11 сум “дунд” эрсдэлтэй гарсан бөгөөд Баянхонгор, Хүрээмарал, Бууцагаан, Бөмбөгөр, Баян-Овоо, Өлзийт, Жинст, Богд, Шинэжинст, Баян-Өндөр, Баацагаан сум тус ангилалд багтаж байна.
Нөхцөл байдалтай уялдуулан аймгийн Онцгой комиссоос сум тус бүрт эрсдэлийн зэргээр нь үнэлж, нарийвчилсан 20-33 заалт бүхий хариу арга хэмжээний төлөвлөгөө гаргажээ. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг нарийвчлан үнэлэх шуурхай ажлын хэсгүүдийг томилж, орон нутгийн түвшинд эрсдэлийг дахин үнэлж, бэлтгэл ажлыг хангуулахаар холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Холбоотой мэдээ