ТӨВ: Эрт илрүүлэг үзлэгт 17175 иргэн хамрагджээ

ОРОН НУТАГТ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-09-21 15:39:11

Төв /МОНЦАМЭ/ Иргэн бүрийг “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо”-нд хамруулах ажлыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төв, 27 сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулж байна.


Энэхүү үзлэг, оношилгоонд Төв аймгийн 93,332 иргэнээс 40,485 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн байна. Үүнээс 9 дүгээр сарын 20-ны байдлаар 17175 иргэн хамрагдсан буюу үзүүлэлт 42,1 хувь байна. Дэлгэрүүлэн авч үзвэл, 5 хүртэлх насны 2519, 6-17 насны 13068 хүүхэд, 18-30 насны 429, 31-45 насны 469, 46-60 насны 359, 61-ээс дээш 331 иргэн тус тус хамрагджээ. 


Урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог Монгол Улсын Засгийн газраас “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж, оношилох чиглэлээр “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан дор 2022 оны 5 дугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулж эхэлсэн. 


Аймгийн хэмжээнд Засаг даргын А/237 дугаар захирамжаар үйл ажиллагааг удирдлага, арга зүйгээр хангах ажлын баг байгуулсан юм. Уг ажлын баг нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд 9 дүгээр сарын 21-ний өдөр 2 дугаар хуралдаанаа зохион байгуулж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн явц, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ. 

Холбоотой мэдээ