АХБ: Монголын эдийн засгийн өсөлтийг 0.6 хувиар бууруулан тооцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-09-21 13:17:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АХБ-наас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн өмнөх төсөөлөл 2.3 хувийг бууруулж 1.7 хувьд тооцжээ. Мөн ирэх оны 5.6 хувийн өсөлтийг бууруулж 4.9 хувь болгосон талаар тус банкнаас эрхлэн гаргадаг эдийн засгийн төлөвийн шинэчилсэн ээлжит тайланд дурдсаныг өнөөдөр танилцуулав.




Гэхдээ гадаад орчны эрсдэл буурч, БНХАУ-тай хиллэдэг худалдааны гол боомтууд дахь хил, гаалийн хориг, хязгаарлалт суларч, нээлттэй болон шийдвэрлэгдэнэ гэсэн эерэг хүлээлт байна. Үүнд үндэслэвэл Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 онд нэмэгдэх боломжтойг Монгол Улс дахь АХБ-ны суурин төлөөлөгч Павит Рамачандран хэллээ. Тэрбээр товчдоо, Монголын эдийн засагт сэргэлтийн анхны шинжүүд бий болж байгаа хэдий ч өндөр инфляц болон нам түвшний өсөлт энэ ондоо хадгалагдахаар байгааг хэллээ.


Инфляц болон урсгал дансны алдагдал өмнөх төсөөллөөс давж өсөх төлөвтэй байна. Энэ нь богино хугацаанд макро эдийн засгийн тэнцвэрийг хангах бодлогын сорилт, шаардлагыг бий болгож байна. Үүний зэрэгцээ эдийн засгийн бүтцийн дунд хугацааны шинэчлэлийг орхигдуулж болохгүй гэдгийг тэрбээр онцлов.


Өсөлтийг бууруулж тооцож байгаа шалтгааныг тодруулахад, хилийн боомтууд дахь хязгаарлалт өнгөрсөн 4 дүгээр сарын байдлаарх хүлээлтээс илүү, удаан хугацаанд үргэлжилсэн, өндөр инфляцийн улмаас иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа, зээлийн зардал, эрсдэл нэмэгдсэнээр зээлийн олдоц муудах хандлагатай болсон, мөнгөний бодлогын төлөв үргэлжлэн чангарч байгаа зэрэг хүчин зүйлстэй холбоотой байна гэж тайлбарлалаа. Тиймээс төсвийн бодлогын тохиргоог зайлшгүй хийж, ирэх онд төсвийн зардал болон нийгмийн хамгааллын халамжийн хөтөлбөрүүдийг илүү зорилтот шинжтэй болгон хумих хэрэгтэй байгааг АХБ-ны эдийн засгийн төлөвийн шинэчилсэн ээлжит тайланд дурджээ.



Эдийн засгийн өнгөрсөн оны нөхцөл байдлын талаар АХБ-ны ахлах эдийн засагч С.Болдоос тодруулбал, ковидын үеэс хувийн хэвшилд олгож байсан зээл агшиж, энэ талын дэмжлэг байхгүй болж ирсэн. Энэ нь нөгөө талдаа хөрөнгө оруулалтын хувьд ДНБ-д сөргөөр нөлөөлсөн.

Хэдийгээр хөл хорионы үед дотооддоо төсвийн дэмжлэг үзүүлж байсан ч хувий хэрэглээ агшсан, дээр нь гадаад худалдааны тэнцэл дээр урсгал дансны алдагдал нэмэгдсээр байсан тул цэвэр экспорт эдийн засагт эерэгээр нөлөөлж чадаагүйг хэлж байлаа. Гэхдээ өнгөрсөн оноос эдийн засгаа нээж, төсвийн дэмжлэгээ үргэлжлүүлж, ЖДҮ зэрэг зорилтот зээлийг олгож эхлүүлснээр хувийн хэрэглээ буцаж өсөж ирснийг дурдав. 




БНХАУ-ын эдийн засгийн энэ оны өсөлтийг өнгөрсөн 4 дүгээр сард 5 хувь гэж тооцож байсныг 3.3 хувь болгон бууруулжээ. Ингэснээр сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хөгжиж буй Азийн бусад орнууд БНХАУ-аас илүү хурдацтай өсөх анхны жил болохоор байна.


Нэмж мэдээлэхэд, АХБ Азийн хөгжиж буй орнуудын энэ оны инфляцийн төсөөллийг 3.7 хувь байсныг  4.5 хувь болгож, ирэх жилийнхийг 3.1 хувь байсныг 4 хувь болгон нэмэгдүүлэн тооцжээ. Тус бүс нутгийн инфляци бусад бүс нутгаас бага хэвээр байна. Гэхдээ нийлүүлэлт талын саатлаас болж хүнс, шатахууны үнэ өссөөр байна.


БНХАУ-ын эдийн засгийн энэ оны өсөлтийг өнгөрсөн 4 дүгээр сард 5 хувь гэж тооцож байсныг 3.3 хувь болгон бууруулжээ. Ингэснээр сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хөгжиж буй Азийн бусад орнууд БНХАУ-аас илүү хурдацтай өсөх анхны жил болохоор байна.

Холбоотой мэдээ