Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын ТНБД-ын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогчтой уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2022-09-21 14:49:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Элчин сайд Виктория Нуландыг Нью Йорк хотноо хүлээн авч уулзав.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департаментын XV Зөвлөлдөх уулзалт болон анхдугаар Стратегийн яриа хэлэлцээ Улаанбаатар хотноо саяхан амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улс АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.


Төрийн нарийн бичгийн даргын орлогч В.Нуланд АНУ нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, ойр дотны түнш гэдгээрээ бахархдаг гэдгийг тэмдэглэж, АНУ-ын зүгээс ч мөн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийн хүрээнд өргөжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв.


Уулзалтын үеэр талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж буйг онцолж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, хоёр улсын хооронд хуваарьт шууд нислэг үйлдэх зэрэг асуудлаар санал солилцов. Мөн хоёр талын эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг харилцан тэмдэглэж, энэ чиглэлд бодитой хамтын ажиллагааг өрнүүлж, тодорхой арга хэмжээ авахаар тохиролцлоо.


Уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Д.Критенбринк болон Монголын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч М.Ламберт нар байлцав.

Холбоотой мэдээ