ЗАВХАН: Байгальд ээлтэй цэвэрлэх байгууламжтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-22 14:55:13

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт хоногт 3000 м3 бохир цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх барилгын ажлын нээлт болов.

Шинээр барих цэвэрлэх байгууламж нь иргэдийн эрүүл ахуй, хүрээлэн буй орчин, байгаль экологийн хувьд өндөр ач холбогдолтой хөрөнгө оруулалт юм. Цэвэрлэх байгууламж нь биологийн цэвэрлэгээний байгууламж бөгөөд лагийг боловсруулж бордоо гаргах.

Бохир усыг 90 гаруй хувьтай цэвэрлэх бөгөөд одоо ашиглагдаж байгаа цэвэрлэх байгууламжаас хүчин чадал нь гурав дахин илүү юм. Ийнхүү цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нэмэгдсэнээр Улиастай суманд байгальд ээлтэй, орчин үеийн агааржуулалтын системтэй, автоматжуулсан цэвэрлэх байгууламжтай болох юм.

Хоногт 3000 м3 бохир цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газрын хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дөрвөн аймагт барихаар болсны нэг нь Завхан аймаг юм гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Шинэ цэвэрлэх байгууламжтай болсноор хүчин

чадлаа  гурав дахин нэмнэ

Завхан аймаг өнөөдрийн байдлаар хоногт цэвэр, бохир усны үйлчилгээг 16.9 км ариутгах татуургын шугам сүлжээгээр явуулдаг. Хоногт дунджаар 1300 м3 цэвэр ус олборлон түгээж, 1170 м.3 бохир усыг татан зайлуулж байна.

Одоогийн ашиглаж байгаа цэвэрлэх байгууламжийг Азийн Хөгжлийн банкны зээлийн хөрөнгө оруулалтаар 2001 онд анх ашиглалтад оруулсан. 1300м3 септиктэй, хоёр ширхэг лагийн талбайтай, найман ширхэг карттай хэвийн горимоор ажиллаж байна. Цэвэрлэгээний түвшин жилд дунджаар 73 хувьтай байна. Цаашид хүн амын өсөлт, хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед шинээр барих цэвэрлэх байгууламж нь иргэдийн эрүүл ахуй, хүрээлэн буй орчин, байгаль экологийн хувьд өндөр ач холбогдолтой хөрөнгө оруулалт юм гэж "Амь Ус" ХХК-аас нэмж мэдээлэв. 






Холбоотой мэдээ