ӨВӨРХАНГАЙ: Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрт 18 хүүхэд шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-09-22 15:28:28

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт Өвөрхангай аймгаас 18 хүүхэд хамрагдахаар болзол хангажээ.


Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах тус тэтгэлэгт хөтөлбөрт энэ жил нийт 415 хүүхэд шалгарсны дотор Өвөрхангай аймгаас 18 хүүхэд багтсан байна.


Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ. Мөн харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэх юм.

Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн суралцагчид бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамааран аль улсын ямар их сургуульд сурах нь шийдэгдэх аж.

Холбоотой мэдээ