ӨВӨРХАНГАЙ: Хужирт "Эко сум" болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-09-25 13:01:00

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хужирт сум “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах зорилтот жил”-ийн хүрээнд "Эко сум" аяныг өрнүүлж, дөрвөн бүлэг, 30 заалт бүхий ажил төлөвлөн хэрэгжүүлж байна.


Нийтийн эзэмшлийн 3.6 га талбайг сумын ногоон байгууламж болгохоор “Байгаль хамгаалах сан”-ийн хөрөнгөөр хашаажуулан 8 мянган мод, бут тарьснаас ургалт 85 хувьтай байна. Мөн 40 аж ахуйн нэгж, байгууллагаас 16 мянган мод, сөөгийг нийтийн эзэмшлийн талбайд тарьжээ.


Орчны бохирдлыг бууруулах чиглэлээр малчдыг өвөлжөө, хаваржаа, зусландаа зориулалтын жорлонтой болох уриалга гарган багийн ИНХ-аар мэдээлэл өгснөөр 385 өрх буюу нийт өрхийн 30 хувь нь дээрх уриалгыг хэрэгжүүлсэн байна. Суманд үйл ажиллагаа явуулдаг рашаан сувиллууд, усны үйлдвэр, дэлгүүр болон үйлчилгээний газраас гарч байгаа хоёрдогч түүхий эд болох хуванцар сав, гялгар уут, архины шил зэргийг ангилан авч, дөрвөн тонн гаруй түүхий эдийг “Цэмцгэр” төвд нийлүүлжээ.

Холбоотой мэдээ