БОАЖ-ын сайд Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын бага хурлын ажлын хэсгийг ахална

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-09-28 09:54:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсад 2026 онд зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлын ажлын хэсгийг ахална.


Ажлын хэсгийг БОАЖ-ын сайдаар ахлуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод нэгдэн орсон талуудын 26 дугаар бага хуралд оролцсоны мөрөөр Засгийн газраас хүсэлт гарган талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд зохион байгуулах шийдвэрийг энэ оны 5 дугаар сарын 9-20-нд COP15 дугаар хурлаас гаргасан билээ.


НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн дагуу дэлхийн хуурай газрын дөрөвний нэг нь цөлжих аюултай тулгараад байна. Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш, газрын доройтолд өртсөн бүс нутаг дэлхийн эх газрын 42 хувийг эзэлж байгаа юм. Цөлжсөн бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг бөгөөд тухайн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг багасгах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогдож байна. Улмаар цөлжилтөөс үүдэх хор хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрчээ.


Энэ конвенцод манай улс 1996 онд нэгдэж, Монгол Улсын засгийн газар 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль гарган газрын доройтол, цөлжилттэй тэмцэж байна. Ялангуяа, хуурайшилт их Монгол орны хувьд цөлжилтийн асуудал төр засгийн түвшинд анхаарах шаардлагатай асуудлын нэг болоод байгаа.



Монгол орны нийт газар нутгийн 76.8 хувь нь цөлжилтөд өртсөн мэдээлэл бий. Үүнд байгалийн хүчин зүйл, хариуцлагагүй уул уурхай, бэлчээрийн талхагдал хүчтэй нөлөөлж байгаа. Иймд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын газраас дэвшүүлсэн 10 жилийн стратегийн зорилттой уялдуулан Засгийн газар Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө шинэчлэн хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд-2030”-д цөлжилтөд өртсөн газар нутгийг 10.2 хувиар багасгахаар тусгасан. Ингэхдээ БОАЖЯ 2030 онд газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад хамруулахыг зорьж байгаа аж. 

Холбоотой мэдээ