Хонконг дотоодын долларын ханшийг тогтворжуулахаар валютын зах зээлд интервенц хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-09-28 14:09:58

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгийн мөнгөний эргэлтийн газар валютын зах зээлд интервенц хийж, 247 сая ам.доллароор 1.939 тэрбум хонконг доллар худалдаж авсан байна. Энэ талаар санхүүгийн зах зээлийн мэдээллийн “Caixin” цахим хуудас мэдээлжээ. 


Тус цахим хуудаст мэдээлснээр, уг ажиллагааг Нью-Йоркт арилжааны үеэр явуулсан байна. Хонконгийн Төв банкны үүргийг гүйцэтгэгч зохицуулагч байгууллага нь үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг тогтворжуулах зорилгоор ийм алхам хийжээ. Энэ нь АНУ-д бодлогын хүүг дахин өсгөсний дараа хөрөнгийн гадагшлах урсгал ажиглагдаж эхэлснээс үүдэлтэй юм. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн шийдвэрийн дараа хонконг долларын ам.доллартой харьцах ханш тогтоосон коридорын хил хязгаарт хүрч суларч, нэг ам.доллар 7.85 хонконг доллартой тэнцжээ.  


Хонконг долларын ханш тогтоосон коридорын хил хязгаарт хүрэхэд Мөнгөний эргэлтийн газар арилжаанд оролцдог байна. 

1997 онд "нэг улс-хоёр систем" гэсэн томъёоллын дагуу БНХАУ-ын харьяалалд шилжсэн хэдий ч Британийн колони байсан Хонконг нь өөрийн мөнгөн тэмдэгт, санхүүгийн системээ хадгалсаар иржээ.




Холбоотой мэдээ