Ойн салбарын элсэгчдийн тоог нэмэх шаардлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-09-28 16:38:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн оруулсан хувь нэмэр: 80 жилийн босгон дээр" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Номын санд зохион байгууллаа.


МУИС 1942 оны 10 дугаар сарын 5-нд байгуулагдсан, Монгол Улсын анхны их сургууль юм. Тус сургууль 80 жилийн ойн босгон дээр Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд ямар хувь нэмэр оруулсан талаар байгалийн ухааны болон нийгэм хүмүүнлэгийн чиглэлээр эрдэм шинжилгээний хуралд  нийт 50-иад илтгэл хэлэлцүүлэв.


МУИС-ийн багш С.Гэрэлбаатар, “1962 онд Хөдөө аж ахуйн их сургуульд анхны ойн мэргэжилтэн бэлтгэснээс хойш өнөөг хүртэл 60 жилийн хугацаанд МУИС-ийн ойн тэнхим, ойн салбарын мэргэжилтнийг бэлтгэж ирсэн. Энэ хугацаанд нийт 1000 гаруй төгсөгчийг төгсгөсөн. Бакалаврын түвшинд 840, магистр, докторын түвшинд 210 төгсөгчийг бэлтгэсэн. Манай төгсөгчид байгаль орчин болон нийгмийн салбарт үр дүнтэй ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд ойн салбарын мэргэжилтэн дутагдалтай байгаа. МУИС-д өдрийн болон оройн хэлбэрээр сургалтыг зохион байгуулж байна. Энэ жил оройн ангид 52 оюутан элссэн. Хэдийгээр 60 орчим оюутан суралцаж байгаа ч Монгол Улсад шаардлагатай ойн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд хангалттай биш байна. Цаашид элсэгчдийн тоог нэмэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд оруулах хувь нэмэр талаас нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах, төрийн бодлогоор дэмжих шаардлагатай байна” гэв.


МУИС-ийн Эрдэм шинжилгээний хэлтсийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Пүрэвсүрэн хэлэхдээ, МУИС-ийн инженерчлэлийн салбарт “1000 инженер” хөтөлбөрийг Японы Засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр 10 жилийн хугацаанд хэрэгжүүлж буй. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд МУИС-иас шинжлэх ухааны хөгжил, хүний нөөц, судалгааны гадаад хамтын ажиллагаагаагаар үндэсний хэмжээнд тэргүүлж байна. Шинжлэх ухаанд хийж буй судалгаа шинжилгээний ажлын үр дүн олон улсад хэр үнэлэгдэж байна, үндэсний дотоодын эдийн засаг хөгжилд хэр нөлөөтэй байгааг авч үзвэл МУИС өөрөө сургалт, судалгааны байгууллага юм. “Web of Science” болон “Scepas”-д бүртгэлтэй олон улсын сэтгүүлд хэвлүүлж буй эрдэмтэн судлаачдын өгүүлэл, бүтээлээр тэргүүлж байна. Энэ нь МУИС-ийн эрдэмтэн судлаачдын хийж буй ажил үндэсний хөгжил цэцэглэлтэд нөлөөлөхөөс гадна олон улсын түвшинд үнэлэгдэж байгааг харуулж байна” гэлээ.


Ташрамд дурдахад, МУИС түүхэн хөгжлийнхөө явцад одоогийн МУБИС, ХААИС, АШУҮИС, ШУТИС, ХИС, Ховд их сургууль гэсэн 6 их сургуулийг өрх тусгаарлан шинээр байгуулж, Монгол Улсад дээд боловсролын системийг бий болгон төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулсан билээ.

МУИС-ийг 2016-2024 онд хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд Алсын хараагаа “МУИС-ийн алсын хараа нь дэлхийн түвшний их сургууль болоход оршино. Үүний дүнд 2024 онд МУИС нь чөлөөт мэдлэг буюу либерал арт уламжлалд суурилсан, бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байр суурьтай судалгааны их сургууль болж улмаар Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтаж орно” хэмээн тодорхойлон, энэхүү зорилгод хүрэх, стратегийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон ажиллаж байгаа юм.

 

 

 

 

 

Холбоотой мэдээ