СЭЛЭНГЭ: Навчит модны эх ургамлын талбай бүхий мод үржүүлгийн газар байгуулав

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-04 15:43:36

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын төвд навчит модны эх ургамлын талбай бүхий мод үржүүлгийн газрын хашааг шинээр байгуулсан байна.

 

Энэхүү талбайг сумын ЗДТГ-аас тус суманд хэрэгжиж буй STREAM төсөлтэй хамтран байгуулж байгаа аж. Энэхүү талбай нь 50х30 метрийн хэмжээтэй бөгөөд эхний ээлжинд төлөвлөгөөний дагуу хөрс боловсруулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ.

 

Улмаар цаашид хайлаас, бүйлс, агч, шар хуайс, улиас зэрэг навчит ургамлыг үрээр болон мөчрөөр ургуулах ажил хийж байна.

 

Энэхүү навчит модны эх ургамлын мод үржүүлгийн талбайг сумын төвийн цэцэрлэгт хүрээлэнг түшиглэн байгуулжээ. Үүнийг байгуулснаар сумын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх. Цаашлаад иргэдэд мод тарих сургалтыг зохион байгуулах, нэн ялангуяа тариалангийн болон хамгаалалтын ойн зурваст ашиглах тарьц, суулгацыг нийлүүлэх зорилготой аж.

 

STREAM төслийг Европын Холбоо, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны хамтарсан санхүүжилттэйгээр GIZ болон НҮБ-ын ХХААБ хамтран хэрэгжүүлж байгаа юм. 

Холбоотой мэдээ