СЭЛЭНГЭ: Ирэх онд 10.3 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-12-08 10:10:31

Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 2026 онд 10.3 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

 

Улсын төсөвт орлого төвлөрүүлдэг 7 аймаг байдаг. Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв, Дорнод, Дорноговь, Өмнөговь, үүн дээр нэмэгдээд нийслэл Улаанбаатар хот ордог.

 

Харин үлдсэн 14 аймаг улсын төсвөөс татаас авдаг байна.

 

Сэлэнгэ аймгийн 2026 оны төсвийг 71.0 тэрбум төгрөг байхаар аймгийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар баталсан. Энэхүү төсвийг сум, орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, төрийн үйлчилгээний шинэчлэлийг боловсронгуй болгоход зарцуулах юм.

 

Уг төсвийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Төсвийн тухай хууль, мөн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн боловсруулжээ.  

 

2026 оны төсвийн гол үзүүлэлтүүдийг дурдвал, нийт орлого: 71.0 тэрбум төгрөг, татварын орлого 42.8 тэрбум төгрөг, татварын бус орлого 4.1 тэрбум төгрөг, улсад төвлөрүүлэх орлого 10.3 тэрбум төгрөг, сумдаас аймгийн төсөвт төвлөрүүлэх орлого 5.2 тэрбум төгрөг байх юм.

 

Мөн орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн шилжүүлэг 24.9 тэрбум төгрөг, урд оны төсвийн үлдэгдэл 4.2 тэрбум төгрөг байх бол нийт зарлага 71.0 тэрбум төгрөг байхаар тооцож, орлого зарлагын тэнцвэртэй байдлыг харуулсан байна. 

Холбоотой мэдээ