Хятад улс хэт хүнд пуужингийн шинэ хөдөлгүүр туршжээ

ДЭЛХИЙД | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-10-04 15:23:31

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын эрдэмтэд "Чанжэн-9" хэт хүнд пуужинд суурилуулах устөрөгч-хүчилтөрөгчийн шинэ хөдөлгүүрийг амжилттай туршсаны дараа Сар луу жолоодлогот нислэг үйлдэх тус улсын хүсэл эрмэлзэл биелэхэд нэг алхам ойртлоо гэж “South China Morning Post” сонин мэдээлжээ. 


Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэргэжилтнүүд өргөтгөсөн цикл бүхий 25 тоннын багтаамжтай устөрөгч-хүчилтөрөгчийн хөдөлгүүр болох “YF-79”-ийн газрын туршилтыг гурван удаа амжилттай явуулсан байна. Энэхүү хөдөлгүүрийг Сар луу жолоодлогот нислэг үйлдэх болон Ангараг гаргийг судлах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ашиглах “Чанжэн-9” хэт хүнд зөөгч пуужинд суурилахаар бүтээж байгаа юм. 


Зохион бүтээгчид нь “YF-79”-ийг олон удаа асах чадалтай, энэ төрлийн хамгийн хүчтэй хөдөлгүүр болгохыг зорьж байна. 


Өнгөрсөн онд Хятадын Жухай хотод болсон олон улсын агаарын шоуны үеэр "Чанжэн-9" гурван угсраа, хэт хүнд зөөгч пуужингийн  загварыг танилцуулсан юм. БНХАУ-ын Үндэсний сансрын газар "Чанжэн-9"-ийг 2028 онд хөөргөхөөр төлөвлөж байгаагаа зарласан бөгөөд уг пуужин 140 тонн хүртэлх ачааг дэлхийн бага тойрог замд, 50 тонн хүртэлх ачааг дэлхий-сарны шилжилтийн тойрог замд оруулах чадалтай ажээ. Пуужингийн урт нь 90 метрээс давж, гол блокийн диаметр нь 10 метрт хүрнэ.


Пуужингийн эхний угсраанд хүчилтөрөгч-керосин хөдөлгүүр болох дөрвөн “YF-130”, хоёрдугаар угсраанд устөрөгч-хүчилтөрөгчийн “YF-90” хоёр хөдөлгүүр, гуравдугаар угсраанд “YF-79” дөрвөн хөдөлгүүрийг ашиглахаар төлөвлөжээ. “YF-130”-ыг мөн хурдасгуур болгон ашиглаж болох аж.


Холбоотой мэдээ