Японы засгийн газар Украинд элчин сайдын яамаа дахин нээхээ мэдэгдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. Япон улс ОХУ, Украины
мөргөлдөөний улмаас энэ оны гуравдугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд хаагаад
байсан Киев дэх элчин сайдын яамаа /ЭСЯ/ дахин нээхээр болсноо лхагва гарагт
зарлав.
Тус улсын Засгийн газар
В.Зеленскийн Засгийн газартай ойр дотно харилцаагаа хадгалахын тулд Киев дэх ЭСЯ-аа
аль болох богино хугацаанд дахин нээхийг эрмэлзсээр ирсэн хэмээн мэдэгджээ.
Мөн эрх баригчдын зүгээс
ЭСЯ-ны ажилтнуудын аюулгүй байдлыг хангах боломжтой болсон хэмээн дүгнэсэн
байна.
“Долоогийн бүлэг”-т
багтдаг бусад зургаан улсын хувьд Киев дэх ЭСЯ-ны үйл ажиллагаагаа дөрөв,
тавдугаар саруудад сэргээжээ.
Японы Засгийн газар
Украин дахь ЭСЯ-аараа дамжуулан “Долоогийн бүлэг”-ийн бусад гишүүдтэй ОХУ-ын
эсрэг хориг арга хэмжээ авах, Украины сэргээн босголтыг дэмжих чиглэлээр хамтын
ажиллагаагаа бэхжүүлэх аж.