ДУНДГОВЬ: "Оюунлаг" сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-06 15:00:41
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын "Оюунлаг" сургуультай хамтран ажиллахаар боллоо.


Тодруулбал, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, “Оюунлаг” сургуулийн ерөнхий захирал Д.Батсайхан нар Улаанбаатар хотноо санамж бичиг байгуулж, тус үйл ажиллагаанд аймгийн 19 сургуулийн захирал, БШУГ-ын төлөөлөл оролцжээ.


Санамж бичгийн хүрээнд талууд аймгийн багш нарын ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд урт болон богино хугацааны сургалтуудыг зохион байгуулах, элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж онооны үзүүлэлт, чанарыг ахиулах, шалгалтад  бэлтгэдэг арга барилыг орон нутагтаа нутагшуулахад хамтран ажиллахаар тохиролцсон аж.


Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд оролцсон төлөөлөгчид энэ үеэр “Оюунлаг” сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.


2021-2022 оны хичээлийн жилд Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж үзүүлэлтээр Дундговь аймаг 21 аймаг, Улаанбаатар болон Багануур дүүргээс 18 дугаарт жагсаж, өмнөх жилийн үзүүлэлтээс 7 байраар ухарчээ.


Тиймээс Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах, нийт сурагчийн боловсролын түвшнийг ахиулах зорилгоор  “Дундговийн боловсролын чанар” хөтөлбөрийг мөн боловсруулахаар шийдвэрлэсэн байна. 

Холбоотой мэдээ