Төсвийн орлогын 22.8 хувийг эрдэс баялгийн салбар бүрдүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-10-07 10:19:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого энэ оны эхний 8 сарын байдлаар 10,956.4 тэрбум төгрөг болжээ. Энэ өнгөрсөн оны мөн үеэс 1,163.4 тэрбум төгрөг буюу 11.9 хувиар өссөн үзүүлэлт аж.

Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,501.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 606.9 тэрбум төгрөг буюу 19.5 хувиар буурав. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулбал:

  •  Уул уурхай, олборлох салбар 2,423.5 тэрбум төгрөг буюу 22.1 хувь,
  • Газрын тосны олборлолт 36.2 тэрбум төгрөг буюу 0.3 хувь,
  • Тусгай зөвшөөрлийн төлбөр 24.3 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,
  • Бусад орлого 18.0 тэрбум төгрөг буюу 0.2 хувийг тус тус бүрдүүлжээ.

Эрдэс баялгийн салбар нь оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 22.8 хувийг бүрдүүлж байна.


 

Тэгвэл 2021 оны улсын нэгдсэн төсвийн орлогыг эргэн харвал, өнгөрсөн оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 10,402.0 тэрбум төгрөг болж, ковидын өмнөх жил 2020 оны мөн үеийнхээс 1,638.4 тэрбум төгрөг буюу 13.6 хувиар багасч байжээ. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,673.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 246.6 тэрбум төгрөг буюу 8.4 хувиар багасч байв. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харвал 2021 онд:

  • Уул уурхайн салбараас 2,522.9 тэрбум төгрөг буюу 24.3хувь,
  • Газрын тосны салбараас 102.8 тэрбум төгрөг буюу 1.0хувь,
  • Тусгай зөвшөөрлийн төлбөр 32.7 тэрбум төгрөг буюу 0.3 хувь,
  • Бусад орлого 14.9 тэрбум төгрөг буюу 0.1 хувь байв.




                                                                                                                                                                    Эх сурвалж: УУХҮЯ.ҮСХ

Холбоотой мэдээ