БАЯН-ӨЛГИЙ: Үндэстний цөөнхийн хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудлаар зөвлөлдөж байна

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-10-07 12:20:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Боловсрол, шинжлэх ухааны газар, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл хамтран Үндэстний цөөнхийн суралцагчдын сурч боловсрох эрх” зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр Өлгий хотод зохион байгуулж байна.


Уг зөвлөлдөх уулзалт нь үндэсний цөөнхийн суралцагчдын сурч боловсрох эрхийн асуудлаар мэдлэг ойлголтоо нэгтгэх, асуудлаа хамтын хүчээр шийдвэрлэх аж. Уулзалтыг аймгийн Засаг дарга Д.Бауыржан нээж үг хэлэв.


Тэрээр хэлсэн үгэндээ, “Үндэстний цөөнхийн хүүхдүүд эх хэлээрээ сурч боловсрох ёстой. Гэхдээ төрийн албан ёсны хэлээ сайн эзэмших шаардлагатай. УИХ-аар хэлэлцэж байгаа Боловсролын багц хуулиар хос хэлээр боловсрол олгоход тулгамдаж байгаа олон асуудал шийдэгдэх байх гэж итгэж байна” гэдгийг онцлов.


Мөн энэ үеэр үндэстний цөөнхийн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах, төр засагт дуу хоолойг нь хүргэх, гарч буй шийдвэрүүдэд бодлогын нөлөөлөл үзүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалагийг "Баян-Өлгий аймгийн Хүндэт тэмдэг"-ээр шагналаа. 


“Үндэстний цөөнхийн суралцагчдын сурч боловсрох эрх” зөвлөлдөх уулзалтад аймгийн ЗДТГ, Боловсрол, шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүд, сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар, мөн төрийн бус байгууллага, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож байгаа.


Уулзалтаар “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг, тус эвслийн Налайх дүүргийн салбар зөвлөлийн зохицуулагч Б.Ардак, аймгийн БШУГ-ын мэргэжилтэн Б.Аяужан нар "Сурч боловсрох эрх, эрхэд суурилсан хандлага", "Үндэстний цөөнхийн хос хэлээр боловсрол эзэмшихэд тулгамдаж буй асуудал, шийдэл",   "Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад эх хэлээр нь боловсрол олгож буй өнөөгийн нөхцөл", "Соёлын олон талт байдлыг ойлгох нь" зэрэг сэдвээр илтгэл тавин хэлэлцүүлж байна.








Холбоотой мэдээ