МСҮТ-д суралцагчдын тэтгэмжийг нэг удаа олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-10-07 15:14:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (МҮСТ)-д суралцагч нарт сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэмж бүхий урамшуулал олгож ирсэн. Тэгвэл ирэх оноос эхлэн сар бүрийн урамшууллыг зогсоож, төгсөхөд нь нэг удаа олгож байхаар 2023 оны төсөвд тусгаад байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэж байна. Тодруулбал, МСҮТ төгсөж буй залуучууд 4.8 сая төгрөгийн нэг удаагийн урамшуулал авна гэсэн үг. Ингэж бөөнөөр нь нэг удаа олгодог болж буй нь тухайн суралцагч нарт гарааны санхүүжилт болоход дэм болно хэмээн тооцжээ.

 

Улсын хэмжээнд өнгөрсөн оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 80 байгууллагад 37.5 мянган хүн суралцаж байгаагийн 36 мянга гаруй нь мэргэжлийн болон техникийн боловсролын өдрийн ангид суралцагч нар байв. Засгийн газраас өмнө нь 70 мянган төгрөг байсан оюутан залуучуудын тэтгэлгийн хэмжээг 2019 онд 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлж байв. 

Холбоотой мэдээ