ТӨВ: Үзэсгэлэн худалдаагаар 1.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ “Төв нутгийн алтан намар-2022” үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотод байрлах "Фүүд сити" худалдааны төвд 10 дугаар сарын 7-ны өдрөөс 3 хоног зохион байгууллаа. Тус үзэсгэлэн худалдаанд 27 сумын 19 хоршоо, 36 аж ахуйн нэгж, байгууллага, 199 өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэд оролцож, 322 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн худалдаалж, нийт 1.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Уг үйл ажиллагааг өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүддээ орлого оруулж, бодит дэмжлэг үзүүлж чадсан талаар ажил боллоо хэмээн албаныхан онцоллоо.
Уг үзэсгэлэн худалдааны үеэр мах, хүнсний болон нарийн ногоо, сүү цагаан идээ борлуулалт их байжээ. Харин Баянчандмань суманд үйл ажиллагаа явуулдаг хаягдал төмрийг дахин боловсруулах үйлдвэр болох "Лелметалл" ХХК-ийн бүтээгдэхүүнүүд, Зуунмод сумын Могол ноос, 6 хүртэлх насны хүүхдийн хувцасны Дүүжин даажин брэнд болон Борнуур сумын "Халиун буга" нөхөрлөлийн бүтээгдэхүүнүүд тус тус онцлог байсан байна. Түүнчлэн “Халиун буга” нөхөрлөлийн байгалийн дагалдах баялаг ашиглан хийсэн гар урлалын бүтээгдэхүүн үзэсгэлэнд оролцогчдын анхаарлыг татаж байлаа.
Үзэсгэлэн худалдааны хаалтын үеэр шилдэг сум, аж ахуй нэгж, байгууллага, иргэнийг шалгаруулсан юм. Шилдэг сумаар Алтанбулаг, Бүрэн, Баянжаргалан шалгарсан бол “Шилдэг аж үйлдвэрийн бараа” номинацид Зуунмод сумын “Дүүжин даажин” брэнд, “Шилдэг хүнсний бүтээгдэхүүн” номинацид Баянхангай сумын үйлдвэрлэл эрхлэгч н.Мөнхтуулын үйлдвэрлэсэн зөгийн бал, “Шилдэг сав, баглаа, боодол, шошготой бүтээгдэхүүн” Мөнгөн богцоор Батсүмбэр сумын үйлдвэрлэл эрхлэгч Т.Амаржаргал, “Шилдэг хоршоо” номинацид Эрдэнэ сумын “Эрдэнэ АСК” хоршоо тус тус шалгарлаа.
Мөн Аймгийн
эдийн засгийн үндсэн салбар болох хөдөө аж ахуй, боловсруулах салбарын
үйлдвэрлэлийг хөгжүүлэх, “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийг
хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж байгаа 10 иргэн, аж ахуй нэгж, байгууллагад “Аймаг хөгжүүлэх сан”-гаас тус бүр 10 сая төгрөгийн “Зээлжих эрхийн батламж” гардуулжээ.
Үзэсгэлэн худалдааны үеэр Батсүмбэр сум сүү, Баянцагаан сум мах, Борнуур сум төмс, хүнсний
ногоогоо "Фүүд сити" худалдааны төвд байнга нийлүүлж, борлуулах гэрээ
хийсэн нь энэхүү үзэсгэлэн худалдааны үр дүн байлаа.






