ХӨВСГӨЛ: Хөвсгөлийн үйлдвэрлэгчид "Хүнсний хувьсгал"-д нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-10-11 15:34:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор Хөвсгөл аймагт "Хүнсний хувьсгал" анхдугаар зөвлөгөөн зохион байгууллаа.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд Хөвсгөл аймгийн үйлдвэрлэгчид нэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяраар ахлуулсан ажлын баг Хөвсгөл аймгийн Аяны жолоо, Титаник, Хөвсгөл шим, Уудам хангай зэрэг үйлдвэртэй газар дээр нь танилцаж, үйлдвэрлэгчид хүнсний хувьсгалд нэгдлээ.


Мөрөн хотод 1997 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа “Аяны жолоо” компани нь аймгийнхаа нийт гурилан бүтээгдэхүүний 60 орчим хувийг дангаараа хангахаас гадна нийслэл хот руу бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Мөн орон нутгийн үйлдвэрлэлд нэн дутмаг байгаа итгэмжлэгдсэн лабораторитой гэдгээрээ онцлог. Энэхүү лабораторид дан ганц “Аяны жолоо” компанийн бүтээгдэхүүн бус бусад үйлдвэрийн бүтээгдэхүүнийг шинжилдэг. Жилд 250-300 төрлийн бүтээгдэхүүн, давхардсан тоогоор 3000 гаруй бүтээгдэхүүнд шинжилгээ хийж байна.



“Хөвсгөл титаник” компани нь 29 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Хөвсгөл аймгийн ууган хүнс үйлдвэрлэгчдийн нэг юм. Өнөөдрийн байдлаар 120 гаруй ажилтантай бөгөөд талх, нарийн боов, сүү, ааруул, бялуу-бэйкери, гоймон-хэрчсэн гурил, цай, жимс, нийтийн хоол гэсэн 10 үйлдвэр 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Жилд нийт 600 орчим тонн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг.


Нийслэл хотоос Хөвсгөл нутгийг зорин ирж, хүнс үйлдвэрлэгч болсон "Хөвсгөл шимт” даршилсан ногоо үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг өөрсдөө тариалдаг. Энэ жил нийт 3 тонн өргөст хэмх тариалжээ. Тус өрхийн үйлдвэр байнгын 3 ажлын байр бий болгож, бусад үед цагийн ажилтан ажиллуулдаг. Өдөрт хамгийн ихдээ 500 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гэв.


Ийнхүү Хөвсгөл аймаг дахь “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь нээлт амжилттай болов. Цаашид хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг илүү эрчимжүүлж, хүнс үйлдвэрлэгчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна гэдгээ тус аймгийн удирдлагууд онцолж байлаа.

 

Холбоотой мэдээ