Эрдоган: Турк улс Европын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах ажлыг эхлүүлсэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-10-11 15:55:10

АНКАРА. /RIA Novosti/. Турк улс Европын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах үүднээс “TANAP” хий дамжуулах хоолойн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр Азербайжантай хамтран ажиллаж эхэллээ гэж тус улсын Ерөнхийлөгч Тайип Эрдоган мэдэгдэв.


“TANAP”-ын хүчин чадлыг 16 тэрбум шоо метрээс 32 тэрбум шоо метр болгон хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан тухай Туркийн Эрчим хүч, байгалийн нөөцийн сайд Фатих Донмёз урьд нь мэдэгджээ. 


"Бид эрчим хүчний салбарт чухал алхам хийж байгаа үйл явцыг туулж байна. Бид бэлтгэл ажлыг хийж, хийн агуулахуудаа 100 хувь дүүргэсэн. Европын эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Азербайжантай хамтран TANAP-ын хүчин чадлыг 32 тэрбум шоо метр болгож нэмэгдүүлэх ажлыг эхлүүлээд байна" гэж Туркийн удирдагч мэдэгдсэнийг “TGRT Haber” суваг дамжууллаа. 


“TANAP” нь Азербайжанаас Гүрж, Туркээр дамжин Грекийн хил хүрдэг хий дамжуулах хоолой юм. 


Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсний дараа Өрнөдийн орнууд ОХУ-д тавьсан хориг арга хэмжээгээ чангатгасан нь Европ болон АНУ-д цахилгаан, түлш, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхөд хүргэсэн. Үүний сацуу ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний онцлон тэмдэглэснээр, Оросыг тогтоон барих, сулруулах бодлого нь Барууны урт хугацааны стратеги бол хориг арга хэмжээ нь дэлхийн эдийн засагт ноцтой цохилт болжээ.


Холбоотой мэдээ