Америкийн Конгрессын гишүүд Тайваньд гэнэтийн айлчлал хийхээр хүрэлцэн очжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-10-12 09:55:26

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. АНУ-ын Конгрессын дөрвөн гишүүн Тайваньд гурван өдрийн гэнэтийн айлчлал хийхээр мягмар гарагт хүрэлцэн ирлээ гэж “Taipei Times” сонин лхагва гарагт мэдээлжээ. 


Бүгд Найрамдах намаас сонгогдсон Брэд Уэнстрап, Майкл Вальц, Ардчилсан намаас сонгогдсон Сет Мултон, Кай Кахил нар арлын засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь, гадаад бодлогын байгууллагын тэргүүн Жозеф У болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Гу Лисюн нартай уулзах төлөвтэй байна. 


Талууд Америк, Тайванийн харилцаа, худалдаа, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын асуудлыг хэлэлцэнэ гэж “Taipei Times” сонинд бичжээ. 


Тус сонинд бичсэнээр, дөрвөн улстөрч бүгд АНУ-ын Конгресст янз бүрийн хууль тогтоох санаачилга гаргахад Тайванийг идэвхтэй дэмждэг байна. 


АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси наймдугаар сарын 2-3-нд Тайбэйд айлчилсны дараа Тайванийг тойрсон хурцадмал байдал улам нэмэгдсэн. Айлчлал дууссаны маргааш БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми Тайванийг тойрсон зургаан бүсэд цэргийн томоохон сургууль хийсэн билээ. 


Үүний дараагаар сенатчид, амбан захирагчид зэрэг Америкийн хэд хэдэн төлөөлөгч Тайваньд айлчилжээ. Тайванийг газар нутгийнх нь салшгүй нэг хэсэг гэж үздэг БНХАУ ийм айлчлалыг өдөөн хатгалга, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдал гэж үздэг. 


АНУ нь Тайбэйд зэвсэг, цэргийн техник нийлүүлэгч гол орон, түүнчлэн худалдаа, эдийн засгийн томоохон түнш юм. 

Холбоотой мэдээ