УГТЭ-ийн төрөлжсөн мэргэшлийн баг Баян-Өлгий, Завхан аймагт ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-10-13 10:10:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/-ийн мэдрэлийн мэс засал, зүрх судасны мэс засал, ерөнхий мэс засал, тархины харвалт, зүрхний шигдээсийн төрөлжсөн мэргэшлийн зөвлөх зэргийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг баруун бүсийн Баян-Өлгий, Завхан аймагт энэ сарын 10-16-нд ажиллаж байна.

 

Тус баг дээрх аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд мэдрэл, зүрх, ерөнхий мэс засал, харвалт, шигдээсийн төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээний чиглэлээр орон нутгийн иргэд үйлчлүүлэгчдэд хамтарсан үзлэг оношилгоо, эмчилгээ хийх замаар эрүүл мэндтэй холбоотой тулгамдсан асуудлыг газар дээр нь хамтран шийдвэрлэх, орон нутгийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь чадавхжуулах, төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээний арга зүйн зөвлөмж өгч, дэмжлэгт удирдлагаар хангах зорилгоор богино хугацааны томилолтоор ажиллаж байна.

 

Энэ хугацаанд төрөлжсөн мэргэшлийн нэгдсэн баг бүрэлдэхүүн 50 гаруй үйлчлүүлэгчид лавлагаа тусламж үйлчилгээний үзлэг оношилгоо хийснээс тосгуур ховдлын таславчийн цоорхой, артерийн битүүрээгүй цорго, гүний болон өнгөц венийн тромбоз, Gullian-Barre зэрэг өвчнийг шинээр оношилж, зүрхний хуучин шигдээстэй болон тархины судасны хагарсан цүлхэнд хавчаар тавих мэс засал хийгдсэн, мөн нойр булчирхайн үхжилт үрэвсэлтэй болон цөсний чулуутай механик шарлалттай эмчлүүлэгчдэд зөвлөх эмчийн хяналтын үзлэг хийж, эмчилгээний зөвөлгөө өгчээ. Мөн Баян-Өлгийн аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарт захын болон венийн судасны эмгэгийн эмчилгээний менежмент, титэм судсан дотуурх эмчилгээний дараах антиагрегант эмчилгээ, тархины харвалт ба бүлэн уусгах эмчилгээний протокол зэрэг сэдвүүдээр сургалт мэдээлэл хийжээ.

 

Төрөлжсөн мэргэшлийн баг бүрэлдэхүүн Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт өнөөдрөөс үргэлжлүүлэн ажиллаж байна.




Холбоотой мэдээ